Аялал жуулчлалын салбараа аварч үлдэх шалтгаан
Цар тахал дэгдэн, хөл хорио тогтоосон хоёр жилд хамгийн их зовлон үзсэн салбар бол аялал жуулчлал. Үйл ажиллагаа нь тасалдаж, орлого, хөрөнгө оруулалтын талаар яриад ч хэрэггүй болсон энэ салбар манай улсад хаягдаж, орхигдож буй цөөн тооны салбаруудын нэг. Амьтай голтой тэсэж байгаа аялал жуулчлалыг анхаарахаас хазаарлах нь их.
Угтаа бол манай улсад адал явдалт, эко, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой атал өнөөг хүртэл үзвэр, үйлчилгээ, дэд бүтцийн тал дээр төр засгаас санаачилга гарган дэмжсэн түүх бараг үгүй.
БОАЖЯ-наас жилд нэг сая гаруй жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл үйлчилгээний нөхцөл нь хангагдаж чадаагүй, бизнес эрхлэгчид нь бор зүрхээрээ зүтгэж яваа энэ салбар нэг сая жуулчин хүлээж авах чадал чансаатай эсэх нь эргэлзээтэй.
Олон улсад байгалийн баялаггүй, эдийн засаг нь зөвхөн аялал жуулчлалын салбар дээр тогтдог улс орон цөөнгүй бий. Манайд ч аялал жуулчлалын салбарыг төгөлдөржүүлж, төсөв төвлөрүүлэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд нь хэлэх юм билээ.
Түүгээр ч зогсохгүй аялал жуулчлалыг хөгжүүлснээр эдийн засгийг солонгоруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоход хамгийн тустай.
Манай улсын хувьд 2019 он аяллын жуулчлалын салбарын оргил жил болж ДНБ-ний 7.2 хувийг үйлдвэрлэж, экспортын 6.8 хувийг бүрдүүлсэн. Мөн 2000-2015 онд 302 сая ам.доллар, 2016 онд 1314.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан байдаг. Энэ мэтчилэн чамлахааргүй амжилтаар эдийн засагтаа хуруу нэмж яваа салбар.
Өдгөө 90 мянга гаруй ажилчидтай энэ салбарт өсөж дэвжих боломж олгож, ирээдүйг нь харж, өөд нь татаж өнгөлмөөр байна.