“S&P Global” дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө ахиулав

🕔 2023/06/30 14:43

НЬЮ-ЙОРК. /S&P Global/. 
Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө 2.7 хувиас 2.9 хувьд хүргэж ахиулав. 
“Олон орны эдийн засагт эрэлт сэргэж байгаатай холбогдуулан өсөлтийн талаарх төсөөллийг ахиуллаа. Хэдийгээр бид 2023 оны төсөөллийг ахиулсан ч 2024 оныхыг бууруулсан” гэж тус агентлаг лхагва гарагт гаргасан тайландаа тэмдэглэжээ.
 
Тодруулбал, дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3 хувьтай байна гэж урьдчилан таамаглаж байснаа 2.9 хувьд хүргэж бууруулсан байна. Улмаар 2025, 2026 онд 3.3 хувиар өснө гэж таамаглажээ. “S&P Global” АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.7 хувиас 1.7 хувьд хүргэж өсгөжээ. Энэ оны эхний хагасын үзүүлэлтүүдийг харгалзан АНУ-ын өсөлтийн төсөөллийг нэг хувиар ахиулсан, хоёрдугаар хагаст өсөлт 1 хувиас доошилж, хямралаас зайлсхийнэ гэж бид харж байна хэмээн тус агентлаг мэдээлсэн байна.   
 
“Еврогийн бүсийн хувьд нөхцөл байдал арай өөр байгаа буюу одоогоор стагфляц нүүрлэж байгаа ч огцом саарахаас өмнө, оны хоёрдугаар хагаст эргээд бага зэрэг өсөх төлөвтэй байна” гэж тайланд дурджээ. Еврогийн бүсийн эдийн засаг энэ онд 0.6 хувиар өсөх тооцоо гараад байгаа нь өмнөх төсөөллөөс 0.3 хувиар өссөн байна.
 
Харин Хятадын эдийн засгийн сэргэлт үргэлжлэх боловч энэ оны ихэнх хугацаанд жигд бус байх төлөвтэй байгааг харгалзан “S&P Global” тус улсын эдийн засгийг энэ онд 5.5 хувиар өснө гэж өмнө нь төсөөлж байснаа 5.2 хувьд хүргэж бууруулжээ. Гэхдээ Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 6 хувьд хэвээр үлдээжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох