НҮБ 2040 он гэхэд хуванцар бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавив
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) тайланд дурдсанаар хуванцар бохирдол 2040 он гэхэд 80 хувиар бууруулах зорилт тавьжээ. Энэхүү амбийцтай зорилт нь хүн төрөлхтөний хуванцарыг үйлдвэрлэх, ашиглах, устгах аргад бодлогын томоохон өөрчлөлт оруулж, шинэ технологийг нэвтрүүлэхэд нөлөөлнө. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 170 орчим орны төлөөлөгч хуванцрын бохирдлыг бууруулах дэлхийн анхны гэрээг байгуулахаар Парист цугласан. Тэд ирэх арваннэгдүгээр сард болох уулзалтаас өмнө гэрээний төслийг боловсруулахаар тохиролцсон. Ингэснээр үйлдвэрлэл буурч, хуванцар химийн бодисууд хязгаарлагдаж, дахин боловсруулах үйлдвэрүүд сайжирч магадгүй юм.
Тэгвэл НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд бидний өдөр тутмын амьдралд юуг өөрчлөх шаардлагатай вэ
Өнөөгийн нөхцөлд 2060 он гэхэд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн хуванцар хог хаягдлын хэмжээ бараг гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний тал орчим хувь нь хогийн цэгт хаягдаж, тавны нэгээс бага хувь нь дахин боловсруулагдах болно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үзэж байна. Харин дахин ашигладаг лонх, задгай сав, сав баглаа боодол буцаан авах схемийг сурталчлах нь хуванцар бохирдлыг 30 хувиар бууруулахад тустай гэж НҮБ-ын Байгаль орчны газраас мэдэгдэж байгаа юм. Европын олон улс орнууд хуванцар буцаах тогтолцоог аль хэдийн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хуванцар сав гэх мэт зүйлсийг буцааж өгөхдөө мөнгөө авах боломжийг олгодог.
Дахин боловсруулах нь илүү хялбар бөгөөд илүү үр дүнтэй байх болно
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр мөн дахин боловсруулалт илүү тогтвортой, ашигтай байх ёстой гэж үзэж байна. Энэ нь бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломжтой болгохын тулд чулуужсан түлшний татаасыг хасаж, дизайныг нь өөрчлөхөд анхаарах шаардлагатай гэсэн үг юм. Энэ нь өдөр тутмын хуванцар сав баглаа боодлыг гэртээ дахин боловсруулахад хялбар болгож, хуванцар бохирдлыг 20-50 хувиар бууруулах боломжтой юм. Түүнчлэн хуванцар савлагааг цаас гэх мэт өөр материалаар солих нь дээр гэсэн санааг дэвшүүлэх хүмүүс ч байна. Ингэснээр хуванцар бохирдлыг 17 хувиар бууруулах боломжтой юм.
Хуванцар хог хаягдлыг багасгах нь мөнгө хэмнэж чадах уу
Хуванцар эдийн засгийн эргэлтэд шилжсэнээр зардал болон дахин боловсруулалтын орлогыг тооцвол бараг 1.8 их наяд еврогийн хэмнэлт гарна гэж UNEP мэдэгдэв.
Эрүүл мэнд, уур амьсгал, агаарын бохирдол, далайн экосистемд үзүүлэх үр өгөөж гурван их наяд еврогоос илүү байх аж. Түүнчлэн 2040 он гэхэд 700 мянган ажлын байр бий болгох боломжтой гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс мэдээллээ. UNEP-ийн тайланд тодорхой арга хэмжээг таван жилээр хойшлуулах нь 2040 он гэхэд хуванцар бохирдлыг 80 сая тонноор нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүйг анхааруулжээ.
Үлдсэн хуванцар хог хаягдлыг яах вэ
Дахин боловсруулах боломжгүй хуванцар хог хаягдлыг устгах стандартыг тогтоож, хэрэгжүүлэхийг санал болгож байна.