“Долоогийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нар тээврийн хэрэгслийн СО2-ын ялгарлыг бууруулахаар тохиролцжээ
САППОРО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нар тээврийн хэрэгслийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо. Талууд 2035 он гэхэд СО2-ын ялгарлыг 2000 оныхтой харьцуулахад тал хувиар бууруулахыг зорьж байна. Саппоро хотноо хоёр өдөр үргэлжилсэн Уур амьсгал, эрчим хүчний асуудлаарх сайд нарын уулзалтаар энэхүү тохиролцоонд хүрчээ. Автомашины хорт хийн ялгарлыг хэрхэн бууруулах нь олны анхаарлын төвд байсан юм.
“Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд дурдсанаар, гишүүн орнууд дээрх зорилтод хүрэхийн тулд өөрсдийн гаргаж буй ахиц дэвшлээ жил бүр хянан нягтлах шаардлагатай байна. Ингэхдээ СО2-ын ялгарлын түвшнийг тээврийн хэрэгслүүдийн тоо хэмжээнд тулгуурлан тооцоолно.
Гэхдээ нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ашиглалтаас гаргах хугацааны талаар баримт бичигт тусгаагүй байна. Харин түүний оронд нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс үүдэлтэй хорт утааг бууруулах хангалттай арга хэмжээ байхгүй тохиолдолд тэдгээрийг үе шаттайгаар зогсоох ёстой гэжээ.
Сайд нар мөн хуучин электрон бараанаас дахин боловсруулах замаар газрын ховор элемент болон бусад гол материалын дэлхийн нөөц хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд идэвх санаачлагатай ажиллахаар тохиролцсон байна.
Үүний зэрэгцээ 2040 он гэхэд далай тэнгис хуванцар хог хаягдлаар бохирдохоос сэргийлэх шинэ зорилт дэвшүүлжээ. Сайд нар эдгээр тохиролцоогоо ирэх сард Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлэгт тусгаж магадгүй байгаа хамтарсан мэдэгдэлдээ оруулсан байна.
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг