"Эрүүл ой" төслийн хүрээнд 1.1 тэрбум мод аврах тэмцлийн ажлыг эхлүүллээ
Рио Тинто Монгол компаний санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл ой" төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300 мянган га ойд биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажил хийж, ойролцоогоор 1.1 тэрбум модыг аврахаар өнөөдрөөс ажлаа эхлүүллээ.
Тус төслийг Рио Тинто Монгол компани болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх юм. "Эрүүл ой"-н хүрээнд олон улсын шинэлэг арга, техникийг нэвтрүүлэх замаар тэмцлийн ажлын үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол Улсын ойн мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа аж.
Түүнчлэн, уг төслийг эхлүүлэх болсон нэг хүчин зүйл нь Монгол орны ойн сан газар нутгийн 7.9 хувийг эзэлж буй. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдон үр дүн багатай байснаас үүдэн хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүрч, 700 гаруй мянган га ойн сан доройтож, нийт 2 тэрбум мод хөнөөлт шавжид өртсөнтэй холбоотой аж.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Энэхүү төсөл нь 2022 оны зургадугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний томоохон ажил юм. Рио Тинто Монгол ХХК нь төслийн хугацаанд 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Монгол орны ойн санг хамгаалах, боловсон хүчний чадавхжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг ажилд тэргүүлэн оролцож байгаад талархалтай байна" хэмээв.
Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал "Байгаль дэлхий, хурээлэн буй орчныг хайрлаж хамгаалах нь манай компанийн баримталдаг зарчим. Тиймээс Рио Тинто компани 2050 он гэхэд бизнесийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулж, улмаар ялгарал, шингээлтийн харьцааг тэглэх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монгол орны ой моддыг хамгаалах төслийн БОАЖЯ болон Олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна" гэсэн юм.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хөтөлбөрийн төлөөлөгч, Пол Рийс "Монгол Улсын одоо байгаа ойн нөөцийг хадгалж, хамгаалахын тулд манай байгууллага дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг уг төсөл дээр ажиллуулж байна. Ойн сангаа тогтвортой хадгалах нийтлэг зорилгын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх практик туршлагаар батлагдсан олон улсын шилдэг арга зүй хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программ нутагшуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна хэмээлээ.