Европт ачааны тэрэг, автобуснаас ялгарах утааг 90 хувиар бууруулахыг зорьж байна
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комисс /ЕК/ 2040 он гэхэд хүнд даацын тээврийн хэрэгслээс ялгарах утааг 2019 оны үеийнхтэй харьцуулахад 90 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Мөн 2030 оноос хотын тээврийн шинэ автобуснуудад утаа ялгаруулдаггүй байх шаардлага тавихыг санал болгосон байна. Европын парламентын хууль тогтоогчид 2035 оноос Европын Холбоонд /ЕХ/ дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалахыг хориглох шинэ хуулийг баталсан өдөр ЕК дээрх саналыг дэвшүүлжээ.
ЕХ зорилгодоо хэрхэн хүрэх вэ?
ЕХ-ны Уур амьсгалын асуудал эрхэлсэн комиссар Франс Тиммермансын ярьж буйгаар, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудад хүрэхийн тулд тээврийн салбар бүхэлдээ идэвхийлэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
“2050 онд Европт зорчих ерөнхийдөө бүх тээврийн хэрэгслийг утаа ялгардаггүй болгох хэрэгтэй, уур амьсгалын тухай хууль ийм л зүйлийг шаардаж байгаа” гэж Ф.Тиммерманс Францын Страсбург хотноо төлөвлөгөөг танилцуулах үеэрээ хэлжээ.
Нийт 27 гишүүн оронтой ЕХ 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилго тавиад байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд холбогдох зорилтуудыг дэвшүүлж буй. 2030 он гэхэд хүнд даацийн тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг 2019 оныхоос 45 хувиар, 2035 он гэхэд 65 хувиар, улмаар 2040 он гэхэд 90 хувиар бууруулах ЕК-ын саналыг цаашид ЕХ-ны гишүүн орнууд, Европын парламент хянан авч үзнэ.
Автомашин үйлдвэрлэлийн салбарынхан дээрх саналыг хэрхэн хүлээж авав?
Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс 27 гишүүн орон даяар цэнэглэх станц, устөрөгч түгээх станцуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахыг уриалж байна.
Тус байгууллагын тооцоогоор, 2030 он гэхэд хүнд даацийн тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг 45 хувиар бууруулахын тулд жилд утаа ялгаруулдаггүй ачааны тэрэгнүүдийн тоог хамгийн багадаа 100 мянгаар нэмэгдүүлж, 400 мянгад хүргэх шаардлагатай байна.
Мөн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодит арга хэмжээнүүдийг тодорхойлсноос дурдвал, ирэх долоон жилийн хугацаанд ачааны тэргэнд зориулан нийтэд нээлттэй 50 мянга гаруй цэнэглэх станц барих шаардлагатайгаас 35 мянга нь өндөр хүчин чадалтай цэнэглэгч систем байх ёстой. Мөн нэмэлтээр 700 устөрөгч түгээх станц шаардлагатай болох төлөвтэй байна. Харин ЕХ-ны төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн хувьд хэрэглэгчид болон аж үйлдвэрийн салбарын аль аль нь дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс цахилгаан тээврийн хэрэгсэлд ийм богино хугацаанд шилжихэд бэлэн болоогүй гэж үзэж байна. Мөн олон арван мянган ажлын байр эрсдэлд орох төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байна.