Чихэр өвсний нөөцийг цөлжилтөөс хамгаалах шаардлага үүслээ
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 64.1 хувь нь хөрсний доройтолд орж, цөлжилтийн гамшиг тодорхой хэмжээгээр нүүрлээд байна. Тэгвэл элсний нүүдлийг зогсоох, хөрсний доройтлыг сэргээх зорилготой “Говь-нэг сая мод” төслийг санаачлагч В.Дамдинсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд экологи, эдийн засгийн өндөр өгөөжтэй дээрх төслийнхөө хүрээнд дөрвөн том зорилгыг хэрэгжүүлэхээр сүүлийн гурван жилийн хугацаанд эрчимтэй ажилласаар байгаа юм.
-Тантай хоёр жилийн өмнө уулзаж байлаа. Тухайн үед та “Говь-нэг сая мод” төслөө аль хэдийн эхлүүлээд хэдэн мянган мод тариад эхэлсэн байсан. Түүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төсөл орон даяар эхэллээ. Мэдээж энэ олон аян амжилттай хэрэгжих нь ирээдүйд манай орны экологийн тэнцвэрт байдалд ихээхэн ач холбогдох үзүүлэх байх?
-Тэгэлгүй яахав. Мод тарих тухай улс орон даяар ярьдаг боллоо. Мэдээж энэ үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулаад явж буй хүний хувьд туйлын баяртай байгаа.
Миний хувьд “Говь-нэг сая мод” төслөө хэрэгжүүлээд чамгүй хугацааг өнгөрөөжээ. Үр дүнгээ эхнээс нь үзэж, ургаж буй төгөлөө харахад сэтгэл тэнэгэр байдаг. Тиймээс энэ ажлаа улам өргөжүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг хүсдэг. Зөвхөн ойн төгөл, мод ургуулаад зогсохгүй түүнийг дагасан аж үйлдвэрийн цогцолборыг хөдөө нутагт буй болгохыг хүсэж ирсэн.
Монгол орны цөлжилт, элсний нүүдлийг сааруулах, говь цөлийн бүс нутагт ногоон ажлын байрыг нэмэгдүүлж, нутгийн уугуул иргэдийн хот суурин руу чиглэсэн хөдөлгөөнийг бууруулах, хөдөөд эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилготой төлөвлөгөөт аян ч гэж ойлгож болно. Тус төлөвлөгөөт аян нь дөрвөн том зорилтод багтсан.
Нэгдүгээрт, экологи сэргээх, хамгаалах аж ахуйг бүтээн байгуулна. Тус аж ахуйд мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй, ховор ургамлын үрийн аж ахуй, туршилт, лаборатори, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг тогтвортой эрхлэхийг эрмэлзэж байна.
Хоёрдугаарт, ойн зурвас буй болгох юм. Үүнд хоёр километр урт, 34 метр өргөн, зургаан эгнээ мод бүхий ойн зурвас хамгаалалтын хашаатайгаар 12 ширхэгийг байгуулна гэж зорьж ажиллаж байна. Үндсэндээ 25 километр ойн зурвасыг байгуулна. Тодорхой хугацааны дараа хашааг нь авч бэлчээрт ашиглаж болно.
Гуравдугаарт, тэжээлийн ургамал тариалах зорилго тавиад ажиллаж байна. Говийн хөрс уургийн дутагдалд орсныг агрономчид хэлдэг. Тиймээс уургийн өндөр агууламжтай олон наст бэлчээрийн буурцагт ургамал тариална. Энэ нь хөрсөө сайжруулж буй арга бөгөөд бүс нутагт хадлан тэжээлийн нөөцийг зохих хэмжээгээр бэлдэнэ гэсэн үг.
Дөрөвдүгээрт, жимс, жимсгэнэ тариалахыг зорьж байна. Тарьсан мод, олон наст ургамлууд ургаад элсний нүүдлийг бууруулахад нөмөрт нь тухайн нутгийн онцлогт тохирсон жимс, жимсгэнэ тариалж, ногоон ажлын байрыг олноор бэлдэнэ. Хармаг, алим, чацаргана, усан үзэм гэх мэт нутгийн онцлогт тохируулж тарина. Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрүүд говьд бий болно. Хамгийн сайн дарс Монголын говиос гарах боломжтой шүү.
-Таны ярьж, зорьж буй ажил сонсоход үнэхээр сайхан байна. Гэхдээ “Мод тарих амархан ч ургуулах хэцүү” гэдэг шиг энэ бүхнийг хөрсөн дээр бодит ажил болгоход амаргүй. Тодорхой цаг хугацаа орно. Энэхүү төслийн зорилгодоо хүрэхэд хэр хугацааны цаг зарцуулна гэж тооцож байгаа вэ?
-Яг үнэн. Цаг хугацаа мэдээж шаардана. Дээрх дөрвөн зорилтот ногоон хөгжлийн аяны хүрээнд буй болох бүх ажлын байрыг тухайн бүс нутгийн иргэд бүрдүүлж, бүх ашиг орлогыг нутгийн иргэд хүртэнэ. Ингэхийн тулд нутгийн иргэдэд ногоон хөгжлийн мэдлэг олгох, байгаль хамгаалах чиглэлд идэвхтэй оролцуулах ба тэдний экологийн хөгжлийн идэвхийг сэргээн ажиллана. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг хийж хэрэгжүүлэх хүний нөөцийн боловсрол дээрээ бид онцгой анхаарч байгаа. "Экологийн орчныг өндөр түвшинд хамгаалах ажлыг хийснээр 300 мянга гаруй экологийн ажлын байрыг шинээр бий болгоно" гэж урьдчилан төлөвлөж байгаа.
Үр дүнд нь байнгын харуул хамгаалалт, арчилгаа, инженерийн зөв шийдэл, туршлагатай мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа учир төв суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн 99 хувь зогсож, ажилгүйдлын түвшинг 50 хувь бууруулна. Цөлжилт элсний нүүдэл 60 хувь буурч, тэр хэмжээгээр бэлчээрийн даац нэмэгдэнэ. Ийм төрлийн аян цаг хугацаа маш их шаардана.
Тиймдээ ч бид аянаа үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Цаг хугацааны хувьд нэгдүгээр үе шат 2020-2025 оныг хүртэл үргэлжлэх юм. Харин хоёрдугаар үе шат 2025-2050 оны хооронд хэрэгжүүлэхээр урт хугацааны төлөвлөгөө гаргаад явж байна.
-Төслөө хэрэгжүүлээд гурван жил болох гэж байна. Энэ хугацаанд ямар, ямар ажил амжуулаад байгаа вэ?
-Төслийнхөө эхний бүтээн байгуулалтыг Баянхонгор аймгийн Баацагаан суманд хэрэгжүүлж эхлүүлсэн байгаа.
-Төслөө энэ сумаас эхлүүлсний учир юу вэ?
-Тус сумыг сонгосон хамгийн гол шалтгаан нь жил ирэх тусам ховордох болсон, маш гайхалтай анагаагч шидтэй эмийн ургамал болох чихэр өвс Баацагаан суманд ургадаг. Монгол орны чихэр өвсний нөөцийн 60 хувь тус суманд ургадаг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт цөлжилт маш хурдацтай явагдах болсон. Үүнээс болж чихэр өвс элсэнд автаж, улмаар устах аюул нүүрлээд байгаа юм. Иймээс энэхүү гайхалтай эмийн ургамлыг хамгаалах үйлсийг санаачлан нутгийн иргэдийн оролцоотойгоор таван мянган ширхэг модыг тариад байна. Тогтмол усалгаа, арчилгааны үйлчилгээ эрхлэх гурван ч ажлын байрыг бий болголоо.
-Өдгөө манай орны маш олон суманд цөлжилт хэмээх аюул нүүрлээд буй. Ялангуяа говийн сумууд. Санаагаар болдог бол тэр бүх суманд л ийм төрлийн төслийг хэрэгжүүлдэг бол ч...
-Тийм. Бидний алсын хараа бол ердөө энэ шүү дээ. Манай төсөл Монгол орныхоо бүх сумдаар хэрэгжүүлэх боломжтой жишиг төсөл юм. Эхнээсээ зарим аймгууд бидэнд саналаа хэлсэн байгаа. Хамтарч мод тарья гээд. Төслийн баг тухайн нутаг орны хөрсийг судлаад явж байна. Цаашдаа хамгийн их цөлжилт явагдаж байгаа сумдыг сонгоод энэхүү жишиг төслөө хэрэгжүүлээд явна. Зөвхөн мод тариад элсний нүүдлийг зогсоох бус хөрсийг сайжруулахад чухал нөлөөтэй ургамлуудыг тарих, эдийн засаг, экологийн үр өгөөжтэй төрөл бүрийн жимсний модыг тарихыг эрмэлзэж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд тухайн сумын суугуул иргэдийг татан оролцуулах зорилготой. Ингэснээр нутаг оронд байнгын ажлын байрыг нэмэгдүүлж байгаа юм шүү дээ. Түрүүн би хэлсэн. Баацагаан суманд л гэхэд гурван ч хүнийг ажлын байраар хангаад сарын цалин олгоод явж байна. Тиймээс ч энэ төслийг маань нутаг орондоо хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа хөдөө орон нутгийнхан маань бидэнд илэрхийлдэг.
-Тийм шүү. Хуурайшилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжиж буй бүс нутаг манай улсад маш олон суманд бий болоод байна. Эцэстээ хүн, малгүй гудайж, орон нутгаасаа дайжиж, отор нүүдэл хийх нь ч элбэгшиж байна. Яг ийм эмзэг цаг үед ийм сайхан зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа чинь сайшаалтай хэрэг байна?
-Байгаль эх дэлхийн маань экологийн тэнцвэрт байдал хадгалагдаж байж хүн төрөлхтөн бид оршин тогтнох үндэстэй юм шүү дээ. Гэтэл жил ирэх тусам экологийн тэнцвэрт байдал алдагдах боллоо. Магадгүй хүн төрөлхтөн бид байгальтайгаа зүй бусаар харьцсаны хор уршгаар дэлхийн уур амьсгал их өөрчлөгдөж байгаа байх. Хөгжингүй орнууд энэ асуудлыг аль эрт ухаарч, улс төр, эдийн засгийнхаа бүх бодлого хөтөлбөрийг ногоон болгохыг эрмэлзэж байна. Ажиглаж байгаа бол сүүлийн жилүүдэд “Ногоон эдийн засаг”, “Ногоон хөгжлийн бодлого” гэх зэрэг нэр томьёо маш ихээр яригдах болсон. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн чиг хандлага энэ зүг рүү нэгэнт чиглэгдчихлээ гэсэн үг. Манай улс ч гэсэн үүнээс хоцрох ёсгүй. Дэлхий нийтийн жишиг хандлагаас хоцрохгүйгээр төр засгийн төвшинд энэ бүхнийг ярих хэрэгтэй гэж боддог.
Миний хувьд говь нутаг нүдэн дээр минь илт цөлжиж, бас эзгүйрч байгааг хараад үнэндээ зүгээр сууж чадаагүй. Тиймээс ногоон хөгжлийг говьд бий болгоё гэж зорьсон. Ногоон ажлын байр бий болгоход нийслэлийг чиглэсэн их хөдөлгөөн багасна. Дээр нь говийн хөрсөө сайжруулах үүднээс тэжээлийн ургамал тариалж, говио цөлжилтөөс хамгаалья, говийг ногоон бүс болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулья гэсэн зорилгоор анх 2010 оны аравдугаар сараас төлөвлөгөө гаргаж байлаа.
-Маш эртнээс төлөвлөжээ?
-Тиймээ. Бодож төлөвлөж эхэлсэн хугацаа маань арван жилийн өмнө гэсэн үг. Харин хийж хэрэгжүүлэх ажил маань гурван жилийн өмнөөс эхэлсэн. Энэ хооронд нийт 8000 мод суулгаад ургуулж байна. Арчилгаа тордолгоо сайтай болохоор маш сайн ургаж байна даа. Монголчууд ярьдаг даа, “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэж. Урьд өмнө нь хотод мод тарьж байсан ч говьд мод тарьж байгаагүй л дээ. Харин манай төслийн багийн агрономич маань Дорнод аймгийн Баяндун суманд таван га газар ойн зурвас бий болгосон туршлагатай хүн байдаг болохоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт тарьсан модыг амжилттай ургуулж чадаж байна. Ер нь мод тарихад инженерийн зөв шийдэл хэрэгтэй юм билээ. Бид энэ тал дээр Япон, Солонгос инженерүүдээс их зөвлөгөө авсан. Ногоон хөгжилд энэ шийдэл тун чухал. Усалгааны шийдэл уг нь олон л доо. Гэхдээ жаахан өртөг ихтэй тусна. Харин бид усыг зөв зохистой хэрэглэх үүднээс мод тарих, тэжээлийн ургамал тариалах хоёртоо зэрэг ашиглаж байгаа. Нэг ёсондоо модоо ч усална, тэжээлийн ургамлаа ч усална гэсэн үг. Одоохондоо гүний худгийн ус ашиглаж байна. Цаашдаа байгалийн усыг ашиглах гарц шийдлийг эрэлхийлж байгаа
-Аливаа төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтын асуудал тулгарах нь мэдээж. Ялангуяа мод ургуулах энэ төсөлд хөрөнгө оруулалт ихээр шаардагдаж байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ ийм төрлийн төсөл хэрэгжүүлэхэд сум орон нутгийн иргэдийн дэмжлэг, олон нийтийн ухамсар маш чухал нөлөө үзүүлдэг. Зөв бодолтой, байгаль дэлхийгээ хамгаалах чин хүсэлтэй тийм хүмүүсийн эерэг хандлага идэвхи зүтгэл бол төслийн маань гол цөм хүч нь болох юм. Жишээ нь, энэ төслөө анх хэрэгжүүлэхдээ бид Баацагаан сумын удирдлага, аймаг, хотод суугаа нутгийн уугуул иргэдийг уриалсан. Тус сумын хотод байдаг ахмад багш нарын зөвлөл, сургуулийн захирал асан Ц.Амарсанаа тэргүүтэй хэсэг багш биднийг хүлээн авч уулзсан. Сумын сургууль төгссөн төгсөгчид ч “Төгсөгчдийн төгөл” байгуулах ажлыг эхлүүлж уриалсан. Ингээд сумын удирдлагууд ч, аймгийн удирдлагууд ч, ахмад багш нар, төгсөгчид ч төслийг маань баяртайгаар дэмжиж, уриалгыг минь баяртайгаар хүлээн авч, идэвхтэй оролцсон. Нутгийн иргэд, малчид ч дэмжин оролцож, Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөл, уугуул иргэд гээд бүгд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, мод тарих газар, хашаа, хашааны материал, худаг, усалгааны тоног төхөөрөмж, мод худалдан авах, бүтээн байгуулалтын ажлыг голлон гүйцэтгэсэн.
Бас би “Говь-нэг сая мод” пэйж хуудсаараа олныг уриалан хандахад Монгол орны өнцөг булан бүрээс баяр хүргэн, нэгдсээр байна. Сүүлийн үед гадаадад суугаа монголчууд их оролцож байгаа. Эхний санхүүжилт ингэж л боссон доо. Зөв нөлөөлөл, зөв жишгийг бусаддаа уриалах нь үнэхээр урамтай сайхан. Хүмүүсийн хандлага оролцоо ч ийм ажилд идэвхитэй байдаг юм байна. Монголчууд бид нэгдэж, нийлж, нэгэн зорилго дор хамтарч чадвал эх орныхоо экологийн хамгийн эмзэг сэдэв болоод буй цөлжилт, элсний нүүдлийг зогсоох бүрэн боломжтой гэсэн итгэл надад нэгэнт бий болсон доо.
-Та төслийн багийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Төсөл маань говьд эдийн засгийн өсөлт бий болгох, цөлжөөд, эзгүйдээд байгаа бүс нутгаа ногоон ажлын байр бий болгож, аж ахуйнууд байгуулах төлөвлөгөөт аян гэдгийг би эхэнд хэлсэн. Алсын хараа, зорилго зорилт маань угтаа бол нутгаа эзэнтэй байлгах шүү дээ. Эзгүйрч буй нутагт маань харийнхан ирээд суучих вий гэсэн болгоомжлол. Энэ утгаараа төслийн баг маань өргөн бүрэлдэхүүнтэй. Танай сонины хамт олон ч гэсэн өнөөдрөөс манай багт орж байна гэхэд болно. Харин мод тарих ажилд гардан ордог хүмүүс маань мэргэжлийн судлаач, агрономич, инженерүүд, ойжуулагч нар байгаа. Тухайлбал, манай судалгааны ажлыг ХААИС-ийн агроэкологийн эрдмийн хамт олон, ойжуулалтыг Дорнод аймгийн Баяндун суманд таван га газар ойн зурвас тарьж ургуулсан хамт олон, инженерийн шийдлүүдийг Монгол, Япон, Солонгосын инженерүүд хийдэг.
-Манай улсын цөлжилтийн хор хөнөөл зөвхөн дотооддоо бус гадаад улс оронд сөрөг нөлөө үзүүлэх болсон гэх юм билээ?
-Энэ талаар Зүүн Азийн орнуудын эрдэмтэд удаа дараа ярьж байсан. Тэд хэлэхдээ “Манай зүүн азийн орнуудад тоосжилтоос болж үүсэж байгаа амьсгалын замын өвчин, технологиийн салбарт тулгарч байгаа шар шороо танай Монголоос босож байгааг бид тодорхойлсон. Иймд та нар модоо зөв тариад эхэлчихвэл бид тусална” гэдэг, Зүүн азийн орнуудаас санхүү босгож өгөх талаар амласан. Тэд хөл хорионоос болоод ирж чадахгүй байна. Гэхдээ бид хийж байгаа ажлаа онлайнаар байнга танилцуулж байгаа. Зүүн азийн орнууд төдийгүй дэлхийн аль ч улс орноос санхүүжилт босгож, цайдам говио ногоон болгох нь бидний үүрэг гэж бодож байгаа. Япончууд, солонгосчууд энэ тал дээр тусална гэдгээ байнга илэрхийлж байгаа.
-Мод тарих хүсэлтэй маш олон хүн бий. Тэр хүмүүст хандаж та юу хэлэхийг хүсэж байна вэ?
-“Говь-нэг сая мод” төслөө үндэсний аян болгож эхлүүлсэн нь хүн бүрийг татан оролцуулах гэсэн зорилготой. Хэн хүнгүй мод тарьж ургуулах сонирхол байдаг ч хүчээ тарамдуулаад төдийлөн ургуулж чаддаггүй. Нэг зүйлийг анзаараад байхад хүмүүс заавал өөрөө модоо тарих гээд байдаг. Тэгээд л мод тарьж байна гээд үрийг нь суулгаад орхидог. Уг нь ургуулах ёстой байхгүй юу.
Иймд сайн харуул хамгаалалттай, арчилгаагаа хийдэг мэргэжлийн хүмүүст нь зардлыг нь өгөөд модоо тариулаад, ургуулах хэмжээний үр дүнг нь нэхэх хэрэгтэй байгаа юм.
Тарих гээд байгаа хүмүүс маань харин арчилгааны үеэр очиж тусалж болно. Манайхны нэг алдаад байгаа зүйл нь харуул манаанд бага ач холбогдол өгдөг. Харуул хамгаалалт нь төсөв хөрөнгөө сайн шийдэх хэрэгтэй. Тэр ургаж буй нялх модыг мал, туулай, шувуу, элс гээд бүх эрсдэлээс хамгаалах маш чухал ажлыг тэр хүмүүс гүйцэтгэнэ. Тэгж байж бидний ажил үр дүнтэй болно. Тиймээс та мод тарьж буян хийх гэж байгаа мэргэжлийн байгууллагад л зардлаа өг. Харин мэргэжлийн байгууллагууд нь харуул хамгаалалт, арчилгаан дээрээ онцгой анхаараад явах нь илүү үр үр дүнтэй гэж боддог.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН