Б.Оюунсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний бэлтгэл ажил модны үр бэлдэхээс эхэлж байна.

🕔 2022/07/05 13:24
-“Тэрбум мод” хөдөлгөөний бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна. Юу юунд анхаарч, юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө тарих мод, бут сөөгний үр, тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Өмнө нь энэ талаар яадаг байсан гэхээр урд нь байгаа хэрэгцээндээ тулгуурлаад бэлддэг байсан. Гэтэл одоо тэрбум мод гэдэг маш том, өргөний хүрээний ажил тул нөхцөл байдал, бэлтгэ ажил өөр болж ирж байна. Эхний ээлжинд бид юу хийхээр төлөвлөж байна гэхээр энд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, 5 дугаар сараас эхлээд бид иргэдийн оролцоотойгоор хайлаас, улиас харгана, жигд, говийн заг зэрэг одоо байгаа унаган ургамлуудын үрийг түүлгэнэ. Моднууд үрлээд ирэхээр нь тодорхой үе шаттайгаар, мэргэжлийн хүмүүс аргачлалыг нь зааж өгөөд иргэдээр үргийг нь бэлдүүлнэ. Энд гарах тодорхой зардлыг улсаас төлөх, эсвэл кг-ыг нь үнэлж худалдаж авах замаар үр бэлтгэнэ. Энэ бол олон улс оронд хийдэг арга. Ингэснээр бид тарих модныхоо үрийн нөөцийг хүмүүсийн хүчийг түшиглээд богино хугацаанд бүрдүүлэх бололцоотой.
Ер нь бол сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн дулааралтай холбоотойгоор мод үрлэх нь багасаад байгаа юм. Харахад модны үр байгаа боловч дотроо хоосон юм уу идээ нь бага байдаг болсон. Энэ нь дэлхий нийтийн асуудал болчихоод байгаа юм. Үүний эсрэг юу хийдэг гэвэл зориудаар плантац байгуулдаг. Энэ нь модыг тарьж ургуулаад байгуулсан талбайгаагаасаа үрийг нь түүж авдаг. Энэ нь удаан хугацаанд төлөвлөж хийдэг ажил.
Тиймээс одоо хэрэгцээтэй байгаа, дутаад буй үрийн нөөцийг энэ хавраас иргэдийн оролцоотой бэлдэнэ. Мөн шинэс, нарс зэрэг тархалтын хувьд байгалийн нэг бүсэд оршдог хөрш Орос улсаас үрийн нөөцийг бүрдүүлнэ. Энэ талаар хоёр орны хооронд үр, тарьцыг шилжүүлэн суулгаж байсан хамтын ажиллагаа, шинжилгээ судалгаа байгаа тэдгээрийн үр дүн дээр тулгуурлан үрийн нөөц бүрдүүлэх талаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна.
-Өмнө нь иргэд, ААН-үүд дур дураараа, манай орны нөхцөл таарахгүй тарьц, суулгацыг урд хөршөөс оруулж ирэх юм уу ойгоос авчирч худалдах юм уу тарьдаг байсан. Нэлээн хэл ам болдог байлаа. Ийм байдал одоо гарахгүй юу?
-Модны үрийн тухайд хаа хамаагүй, өөр газар орны үр, тарьц суулгацыг авчирч ургуулах нь биологийн болон генетекийн талаасаа ч тэр дэлхий нийтийн анхааралд байдаг, маш болгоомжтой ханддаг асуудал. Тухайн зүйлийн мод, хам байдлаар микро организмын орчин таарч ургадаг нь байлаа гэхэд тэнд чинь таарахгүй амьд организм, өвчлүүлдэг ургамлын өвчин, шавьж хүртэл байдаг. Тарьц авчирлаа гэхэд тэдгээр нь дагаж орж ирэх эрсдэлтэй учир энд болгоомжтой хандаж, маш өндөр хяналт дор, зөвшөөрлөөр цөөн тоогоор импортолдог.
Энэ бол улс орны био аюулгүй байдалтай холбоотой зүйл юм. Ургамлын хорио цээр гэж байдаг. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр нутагшуулдаг төрөл, арга ч бий. Тухайлбал, жимс, жимсгэний мод байна. Эдгээрийг туршиж үзээд манайд ургах боломжтой, ийм ийм шавьж гарлаа, тэдгээр нь бусад ургамал, хорхой шавжид сөрөг нөлөөгүй юм байна гэдгийг тогтоосон шинжилгээ дүгнэлт гарган ургуулдаг, хавтгайруулахгүйгээр тодорхой зүйл дээр хийдэг ажил.
-“Тэрбум мод” тарихад усны нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ? Энд усныхан тодорхой хариуг өгөх байх. Гэхдээ та мэргэжилтний хувьд санал бодлоо хэлнэ үү. “Тэрбум мод” тарихад усаар хангах ажлыг хэрхэн төлөвлөж байна вэ?
-Усны талаар дурдахад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Хөх морь” гэсэн төсөл тусгагдаад байгааг хэлэх нь зүйтэй байх. Энэ төсөл нь 2 дэд төсөлтэй. Үүний нэг нь Орхон голоос говь, хээрийн бүс рүү ус татах Орхон-Онги төсөл юм. Төсөл хэрэгжих газар нутгийн дагуу цөлжилт байгаа. Тэнд усны нөөцийг ашиглана. Төслийн хүрээнд хэрэгцээтэй байгаа цэвэр, ундны усны нөөцөөр төсөл хэрэгжих газруудыг хангахаас гадна агро аж ахуйн хэлбэрээр хөгжүүлж төлөвлөсөн тухайн газруудын экосистемийг мод тарьж сэргээх бололцоотой.
Мөн Хэрлэн голоос урагшаа ус татах “Хэрлэн тооно” гэсэн төсөл хэрэгжүүлнэ. Эрдэмтдийн хийсэн тооцоо, судалгаагаар хангай бүсийн голуудаас урагшаа говь хээр рүү ус татах эдгээр төсөл нь голуудын урсгалын балансад нь ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Дээрээс нь бид баянбүрд, булаг шандыг хамгаалах усны нөөцтэй газруудаар мод тарихаар төлөвлөж байгаа. Зарим нэг, яг элсний нүүдэлтэй айхтар, хэцүү газрууд бий. Тэдгээрт механик хаалт хийх, хөвд цөөрөм байгуулах зэрэг байдлаар хосолсон хэлбэрээр усжуулна.


Б.Оюунсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэдийн оролцоотойгоор модны үр бэлдэнэ.


Энэ талаар бид БНХАУ-ын туршлага дээр тулгуурлан хамтран ажиллахаар болж байгаа. Мөн социализмын үед байгуулсан усжуулалтын газруудын суурь судалгаа нь байгаа. Түүнд дээр тулгуурласан ийм газруудыг үе шаттай сэргээнэ. Дагаж хийх ажлыг төлөвлөөд явж байгаа. Усжуулалт дээр ийм ийм бололцоо бий. Одоо ч гэсэн ургуулж буй орон нутаг байна.
Жишээ нь, ийм байдлаар Ховд аймаг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Манай аймаг жимс, жимсгэнээр хангадаг аймаг болно” гээдзарлачих хэрэгтэй байгаа юм. Ийм байдлаар аймаг бүр өөрийн онцлог, боломж дээр тулгуурлан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийх ажлаа төлөвлөж болно. Жишээ нь, Говь-Алтай, Баянхонгор аймаг гэхэд газрын алим тарих боломжтой. Тухайлбал, Сэлэнгэ тарьц суулгацаар ханган нийлүүлэгч аймаг болох боломжтой. Яагаад гэвэл тэнд цаг агаарын тааламжтай, ургамал ургах бололцоотой, туршлагатай хүмүүс нь байна.

Өмнөговийн хувьд цөлжилтийн эсрэг, тухайн орчинд ургадаг ургамлын нийлүүлэгч болох боломжтой. Дорнод, Хэнтий аймаг эмийн ургамлын хангагч, тарималжуулагч, мөн хүнсний ногооны тариалалтын бүс болох бололцоотой. Гэх мэтээр аймаг, орон нутаг бүр тухайн бүсийнхээ онцлогт таарсан, тохирсон ургамлыг одоогийнхоосоо өргөн хэмжээнд түлхүү тарьж ургуулах нь бизнесийн орчинг бий болгоно, ажлын байртай болох зэргээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд олон ач холбогдол гарна.
-“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд аймаг бүр 10-20 сая мод тарина гэсэн нэг нэг зорилт тавин түүнийгээ тус бүрдээ зарлаж байна. Мөн иргэд, ААН, компаниуд олон сая мод тарьж ургуулах амлалт өглөө. Энэ бүхэн хэр бодитой, төлөвлөлттэй та бүхэн нэгтгэж тооцож жигдрүүлсэн зүйл байгаа юу?
-Өнгөрсөн сард БОАЖ-ын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг 16 аймгаар 2-3 долоо хоногийн хугацаатай явсныг та бүхэн мэдэж байгаа байх. Аймаг тус бүр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрхэн ажиллахаа тал талаас ярилцаж зөвлөгөөнөө хийж байгаа. Энэ сард бид баруун аймгуудаар мөн явна.
Ингэж явж байгаа нь төлөвлөсөн аймгууд амлалтаа хэр хийж, хэрэгжүүлж байна, хэр бодитой хэрэгжих юм, юун дээр анхаарахаар байна гэдгийг газар дээр нь үзэж танилцаж, хэлэлцүүлж байгаа зорилготой юм. Учир нь “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд зарим аймагт усны нөөц хомс, байгаль цаг уурын нөхцөл бусад аймгаас хүнд хэцүү, мод тарьж байсан туршлага бага, мөн эдийн засаг, санхүүгийн боломж тааруу, өрсөлдөх чадвар сул зэргээр янз бзүрийн байдалтай байна.
Ийм аймгуудад Засгийн газар, салбарын яамнаас түлхүү анхаарч, бодлогын хэмжээнд дэмжиж ажиллана. Гадаадын улс орнууд, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг тийшээ илүү чиглүүлж ажиллах шаардлагатай байгаа, ингэж ажиллахаар төлөвлөж байгаа. Аймаг бүрд БОАЖЯ-наас бодлогын хүрээнд зөвлөгөө, чиг үүрэг өгөн хамтран ажиллаж байгаа. Ингээд аймаг бүрийн төлөвлөлтийг татаж аваад нэгтгэнэ. Удахгүй улсын нэгдсэн дүн зураг гарна.
-“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мянган сургагч багш бэлтгэнэ гэсэн. Ажиллах, мэргэжлийн хүмүүсийг өөр байдлаар хэрхэн бүрдүүлэх вэ?
-“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 7000 орчим хүн ажиллах шаардлагатай тооцоо гарсан. Одоо мод үржүүлэг дээр ажиллаж буй хүмүүсийг энд татан оролцуулна. Хорондоо туршлагаа хуваалцаж ажиллана гэв.

Түүний хэлснээр манай улс ойн мэргэжлээр АНУ, Герман, БНСУ, БНХАУ, Япон, Австри, ОХУ зэрэг оронд бакалавр, магистр, докторын түвшинд, хоёр талын хоорондох хамтын ажиллагааны хүрээнд оюутан, мэргэжилтнүүдийг тэтгэлгээр сургаж байна. Дээрх улс орнууд нь манай улстай байгаль орчин, экологи, ойн чиглэлээр судалгаа, шинжилгээний томоохон төслийг хамтран хэрэгжүүлж, Засгийн газрын хэмжээнд гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. скачать dle 12.0

Санал болгох