Ерөнхийлөгчийн хундагагүй үг буюу байгалийн баялгийг тэгш хүртээх амлалт

🕔 2023/01/02 11:53

Он солигдох мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүүлчийнхээ жил ахмад настнуудын тэтгэврийг тэглэсэн. Тухайн үед Манай улс анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ хүртээж, ахмадуудын тэтгэврийн зээлийг Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос тэглэж, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгож байв. 

Үүнээс хойш он солигдох мөчид Ерөнхийлөгч юу амалж, юу тэглэх вэ гэх хүлээлт үүсдэг болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд он солигдох мөчид хэлсэн үгэндээ "Баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой. Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн онцоллоо.
 
Дөрвөн жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулж, ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжтэй хуваарилахаар тусгасан. Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих "эрхийг олгосон".  Энэ хүрээнд Уул уурхайн яаман дээр ажлын хэсэг байгуулан хуулийн төслийг боловсруулж эхлээд байв. 
 
Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулахаар төлөвлөсөн. Гэвч одоогоор хуулийн төслийг  УИХ-д өргөн бариагүй байна. Төрийн тэргүүний зүгээс байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохыг үүрэгдсэн. Тэгэхээр ирэх өдрүүдэд баялгийн сан байгуулахтай холбоотой асуудал хөндөгдөж, хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь ээ. 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/546080
скачать dle 12.0

Санал болгох