ОРХОН: Хаягдал цаасан хайрцгийг үртэстэй хольж эко түлш үйлдвэрлэж байна
Орхон /МОНЦАМЭ/. “Агдир Бүтэмж” ХХК-ийн залуучууд цаасан хайрцгийг модны үртэстэй нийлүүлж шахмал түлш үйлдвэрлэж байна. Тэд анх 2021 оноос гэрийн нөхцөлд шахмал түлшээ үйлдвэрлэж байгаад энэ жилээс “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ийн дэргэдэх Бизнес инкубатор төвд байрлаж үйлдвэрлэлээ явуулж байна.
Тус компани гурван ажилтантай, өдөрт дунджаар 3000-4000 тонн түлш үйлдвэрлэж байна. Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 6000 тонн эко түлш гаргах боломжтой юм. Гол нь түүхий эдээ цуглуулах, нөөцөө бүрдүүлэхэд хугацаа алддаг учир одоогоор 4000 тонныг зах зээлд нийлүүлж байгаа ажээ.
“Агдир Бүтэмж” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Цэнгүүн хэлэхдээ, “Хүнсний дэлгүүрээс өдөр тутам маш их хэмжээний цаасан хайрцаг гардаг. Үүнийг гэр хорооллын айл, өрх түлэхээр авна эсвэл шууд хогийн цэг рүү ачигддаг. Монгол Улс жилд дунджаар 80 тэрбум төгрөгийн цаасан хайрцгийг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Үүний тал нь буюу 40 тэрбум төгрөг нь “шууд хаядаг”.
Өөрөөр хэлбэл, импортоор орж ирсэн цаасан хайрцагны 40 хувь нь шууд хог дээр хаягддаг гэсэн мэдээллийг МҮОНТ-ээр харж байсан. Үүнээс улбаалаад цаасан хайрцгийг модны үртэстэй хольж шахмал түлш гаргахаар найзуудтайгаа анх судалж эхэлсэн. Цалингийн зээл авч шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж авсан. Мөн “Эрдэнэт ШУТП”-аас 40 сая төгрөгийн дэмжлэг авсан. Үйлдвэрлэлийн байраар үнэгүй хангасан. Иймд бид Эрдэнэт хотынхоо гэр хорооллын айл, өрхийн түлшний 5 хувийг хангахаар зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.
Мөн тус компани хаягдал цаас, хүнсний хаягдал тосыг хольж эко галлагч, аргалаас гааз гаргах технологийг туршиж байна.