НҮБ-ын тэргүүн: Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байна

🕔 2022/12/20 18:14

НЬЮ-ЙОРК. /NHK/.
 НҮБ Украинд энх тайвныг тогтоохын төлөө зогсолтгүй хүчин чармайлт гаргана гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдээд, Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 
НҮБ-ын тэргүүн АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гарагт болсон жилийн эцсийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, “Дэлхий дахин 2022 онд олон сорилт шалгууртай нүүр туллаа. Геополитикийн хуваагдал дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улам хүнд, зарим үед боломжгүй болгож хувиргалаа” гэв.
 
Тэрбээр Украины нөхцөл байдлын тухайд хэлэхдээ, ойрын ирээдүйд үр дүнтэй энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаагаа илэрхийлсэн байна. Харин НҮБ дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэхээс сэргийлэхийн тулд Украин, Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохыг үргэлжлүүлэн дэмжинэ гэж хэллээ.
 
"Украины нөхцөл байдлыг цэргийн замаар шийдвэрлэнэ гэж байхгүй, харин улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын дүрмийн дагуу шийдэх хэрэгтэй" гэдгийг НҮБ-ын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.
 
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийн тухайд тэрбээр, дэлхийн улс орнуудын удирдагчдад илүү их хүчин чармайлт гаргахыг уриалаад, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодитой арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг 2023 оны есдүгээр сард зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох