Дэлхийн жишигт нийцсэн адууны эмнэлгийн байрыг ашиглалтад орууллаа
“Морьтон” адууны төрөлжсөн эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн адуу эмчлэх тусгай мал эмнэлгийн байрыг ашиглалтад оруулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү эмнэлэг 2019 онд өөрийн байртай болж, хурдан морины хөлний ясны гэмтлүүдийн яс хадах мэс ажилбаруудыг хийж эхэлжээ. Тус эмнэлэг нь
- Мэс заслын тахним,
- Үзлэгийн өрөө
- Хүнд өвчтөний зүчээнүүд болон эмчилгээний адуунуудын зүчээ,
- Малын Эмийн сан,
- Үйлчлүүлэгчийн хүлээлгийн өрөө,
- Адуу буулгах, ачих хэсэг,
- Адуу хүлээн авах хашаа,
- Адуу салхилуулах хашаанууд зэрэг томоохон цогцолбор болж хөгжжээ. Одоогоор 24 цагийн жижүүр эмч ажиллан үйлчилгээ үзүүлж байна.
Нээлтийн үеэрүүсгэн байгуулагч, Морьтон адууны эмнэлгийн Ерөнхий малын их эмч А.Наранбаатар хэлэхдээ: Ирэх жилийг “Монгол Улсад зочлох жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Аялал жуулчлалын тухай хуультай цуг Морин бооцоот уралдааны хуулийг хэлэлцэн, багц байдлаар шийдэхээр яригдаж байна. Сонгодог морин уралдааныг хөгжүүлэх нь олон давуу талыг бий болгох юм. Тухайлбал морин уралдаан хөгжих нь аялал жуулчлалыг татах, олон нийт чөлөө цагаа өнгөрөөх нэгэн сайхан газартай болох гээд олон чухал нөлөөтэй. Сонгодог морин уралдааныг хөгжүүлэхэд манай эмнэлэг өөрийн хувь нэмрийг оруулах болно.
Ийм чухал цаг үедолон улсын адууны эмнэлгийн жишгийн дагуу зориулалтын адууны эмнэлгийн байрыг Монголд анх удаа ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна.
Бид азарганы үрийн идэвхижилийг тодорхойлох, хурдан морины хөлний шандас, шөрмөс, үе болон ясны гэмтлийг дүрс оношилгооны аппаратуудаар оношилж, эмчилж байна.
2017 оноос Морьтон адуу үржүүлгийн фермийг нээж, цэвэр азаргануудыг хүлээн авч үржүүлэг хийх үйлчилгээг эхлүүлсэн.
Хурдан морины хөлийн үений зөөлөн эдийн гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээний аргыг ХААИС, МЭС-н Мэс засал нөхөн үржихүйн тэнхим болон Япон улсын Хокайдо Их сургуулийн Мал эмнэлгийн сургууль Мэс заслын лабораторитой хамтран хийж гүйцэтгээд байна.
2019 оноос Малын эмч нарт төрөл бүрийн сургалт зохион байгуулж, туршлагаасаа хуваалцаж эхэлсэн. МөннэгАнгли цэвэр азаргаар жилд 71 гүү хээлтүүлсэн нь одоогоор Монголд эвдэгдээгүй амжилт гэж хэлж болно. Манай эмнэлэг адууны хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, ходоод зэрэгт дурангийн оношлогоо хийж, хурдан адууны уралдааны амжилтад сөргөөр нөлөөлдөг залгиурын сөхүүр мөгөөрсний гажиг засах, хэвлийн хөндийг нээх зэрэг томоохон мэс ажилбаруудыг амжилттай хийжбайна.
Хурдан морины хөлний гэмтлийн эсийн эмчилгээ буюу PRP-г Олон улсын стандартын дагуу хийх, Био химийн шинжилгээ авах гэх зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлж байгаадаа баяртай байна, мөн чадварлаг баг хамт олондоо талархал илэрхийлье” гэв.
Цаашид тус эмнэлэг нь дурангийн хагалгаа хийх, азарганы үрийг авч гүн хөлдөөж хадгалах, олон улсын эмч нартай туршлага солилцон хамтран ажиллаж, салбар төвүүдийг нээхээр зорин ажиллаж байгаа бөгөөд нээлтийн үед адууны ивэрхий оёх мэс заслыг тус эмнэлгийн малын их эмч нар амжилттай хийв.