НБОГ: Уулнаас бууж ирсэн гөрөөсийг цагдаа авч явсан учир бид мэдэхгүй!
🕔 2022/12/09 10:16
Богд уулнаас гөрөөс бууж ирж, БЗД-ийн 26-р хороонд явж байгаа талаар иргэн мэдээлэл оруулсан. Гэвч тухайн гөрөөс одоо хаачсан нь тодорхойгүй байна. Учир нь тус гөрөөсийг Нийслэлийн байгаль орчны газар хариуцан, ууланд эргүүлж нутагшуулах ажлыг зохион байгуулах ёстой.
Тиймээс бид Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад:
"Гөрөөс орж ирсэн дуудлагаар очсон ч гөрөөс машинд мөргүүлж, гэмтээд цагдаа аваад явсан байсан. Тиймээс бид орхисон" гэх тайлбар өгөв. Уг нь гөрөөсний асуудал цагдаад бус Нийслэлийн байгаль орчны газарт хамаатай атал цагдаад даатгаад орхисон нь гайхмаар. Тэд гэмтсэн гөрөөсийг аль дүүргийн, аль хэлтсийн цагдаа нар, хааш нь авч явсныг ч тодруулахгүйгээр ийн орхижээ.
Үндсэндээ НБОГ ажлаа хийж чадахгүй байна уу эсвэл чиг үүргээ мэдэхгүй байна уу гэх асуулт эндээс гарч байна. Уг асуудлаар бид үргэлжлүүлэн тодруулж мэдээлэл хүргэнэ.
скачать dle 12.0