Сургуулийн эко клубийнхэн туршлага солилцлоо

🕔 2022/12/12 11:37

Ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн туршлага солилцох уулзалт өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнгөрөгч амралтын өдөр буюу 12 дугаар сарын 10-нд болжээ. Уулзалт өдөрлөгт нийслэлийн 14 сургуулийн 70 сурагч, 14 багш оролцож Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрахад нөлөөлж байгаа хотын хог хаягдлын менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах үйл ажиллагаа зохион байгуулсан аж.
Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгаж дахин боловсруулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэдийг багаас нь мэдлэг мэдээлэлтэй, зөв хандлага дадалтай болгох нь чухал гэдгийг эко клубийн сурагчид энэ удаагийн уулзалт өдөрлөгийн үеэр тайлагнасан байна. Мөн зохион байгуулсан сургалт, эсээ бичлэгийн болон уран илтгэлийн уралдаан, зургийн уралдаан, бие бүтээлийн үзэсгэлэн, виртуал видео, жүжиг, дуу хөгжим бүтээлүүд гэх мэт олон зүйлийг дэлгэн тавьж үзүүлж, туршлагаа солилцлоо.  
ЕБС-ийн эко клубийн сурагчид нь сургууль дээрээ сурагчдад олон төрлийн арга хэлбэрээр хүрч ажиллан хог хаягдлын талаарх мэдлэг мэдээллийг түгээн ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн боловсролын газартай хамтран “Автобустай эко аялал”-ыг жил бүр зохион байгуулдаг. Эко аялал нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах, ААНБ, хотхон СӨХ-ны эх үүсвэр дээр хэрхэн хог хаягдлыг ангилж буйтай танилцах, хог хаягдлыг дахин ашиглаж бууруулж байгаа жишиг сургуулиудтай танилцдаг.
Мөн хүнсний хог хаягдлаар чийгийн улаан хорхой үржүүлэн бордоо хийх үйл ажиллагаатай танилцах, Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцах зэрэг нүдээр харж биеэр мэдэрдэг бодит ажил байдаг. Автобустай эко аялалд хамрагдсан эко клубийн сурагчид мэдсэн сурснаа сургуульдаа очоол сурагчдад яаж хэрхэн хүргэн ажилласан туршлагаа хуваалцах уулзалт өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байгаа билээ.  
       
скачать dle 12.0

Санал болгох