"Ковид-19"-ийн сайжруулсан вакцинд хамрагдахыг уриалжээ
АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи энэ сарын 22-ны өдөр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Америкийн ард түмэн Ковид-19-ийн вакцины шинэчилсэн хувилбарыг аль болох түргэн тариулах ёстой. Эмнэлзүйн үр дүнтэй байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад сайжруулсан вакцин нь одоогийн өргөн тархаж буй Omicron BA.4 болон BA.5 дэд хэвшмэл омгуудаас үр дүнтэй хамгаалж чадна” гэжээ.
Энэ өдөр Энтони Фаучи Цагаан ордны хэвлэлийн бага хуралд сүүлчийн удаагаа оролцсон юм.
Халдварт өвчний нэрт мэргэжилтэн тэрбээр, "Энэ индэр дээрээс та бүхэнд хандаж байгаа миний сүүлчийн захиас байж магадгүй ... өөрийгөө, гэр бүлээ, хамт олноо хамгаалахын тулд вакцинд хамрагдах боломжтой л юм бол сайжруулсан вакцинд даруй хамрагдаарай" гэсэн аж.
Энтони Фаучи энэ үеэр мөн “АНУ-д улс төр, үзэл суртлын эрс ялгаатай байдлаас болж зарим хүмүүс эрүүл мэндэд харшлахаас бусад шалтгаанаар вакцин хийлгэхээс татгалзаж байгаа. Эмч хүний хувьд би үүнд санаа зовж байна. Хэрэв энэ өвөл АНУ-д цар тахал дахин дэлгэрэх аваас мгийн эрсдэлтэй хүмүүс нь вакцинаа хийлгээгүй хүмүүс байх болно” гэжээ.
Өдгөө 81 настай Энтони Фаучи 1984 оноос АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сард Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо дараа түүнийг Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр авч ажиллуулсан ч энэ оны эцэст тэтгэвэртээ гарч буй юм.
Г.Бямбаhttps://www.sonin.mn/news/culture/134154