Балид болох дээд хэмжээний уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
ЛОНДОН. /BBC/. “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд 11 дүгээр сарын 15-нд эхэлнэ.Энэхүү уулзалтын гол зорилго нь эдийн засагт коронавирусний цар тахлын үр дагавраас сэргэхэд дэмжлэг үзүүлэх боловч боловч Украины дайнтай холбоотой хурцадмал байдал хэлэлцүүлэгт саад болж магадгүй байна.
“Хорийн бүлэг”-ийн тухайд
“Хорийн бүлэг” нь дэлхийн эдийн засгийн төлөвлөгөөг хэлэлцэхээр хуралддаг улс орнуудын бүлэг юм. Эдгээр орон нь дэлхийн эдийн засгийн гарцын 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн хүн амын гуравны хоёр нь оршин суудаг.
“Хорийн бүлэг” нь Европын Холбоо болон Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, БНСУ, Турк, Их Британи, АНУ гэсэн 19 орноос бүрддэг. Испанийн хувьд зочны хувиар байнга уригддаг.
Энэ бүлэг юуны талаар хэлэлцдэг вэ?
“Хорийн бүлэг”-ийн удирдагчид эдийн засгаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, олон улсын өрийг цайруулах, үндэстэн дамнасан корпорациудад татвар ногдуулах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцдэг.
“Хорийн бүлэг”-ийг гишүүн орнууд жил бүр ээлж дараалан даргалж, хурлаар хэлэлцэх асуудлуудыг боловсруулдаг. Энэ оны даргалагчийн хувьд Индонез улс дэлхий нийтийн эрүүл мэндтэй холбоотой арга хэмжээнүүд, цар тахлын үр дагавраас эдийн засгийг сэргээх асуудалд анхаарлаа хандуулахыг зорьж байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр мөн улс орнуудын удирдагчид өөр хоорондоо ганцаарчлан уулзах нөхцөл боломж бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тайванийн статусын талаар хэлэлцэхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хэн хэн оролцох вэ?
Улс төрийн хурцадмал байдал нь дээд хэмжээний уулзалтад сөргөөр нөлөөлж магадгүй байна.
ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ээс хасах хүсэлтэй байгаагаа Украины Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгджээ.Индонезийн Засгийн газрын зүгээс Оросын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтад биечлэн оролцохгүй гэдгийг урьд нь мэдээлсэн юм.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзахгүй байх төлөвтэй байна.
Ж.Байден Саудын Арабыг Украины дайныг санхүүжүүлэн Орост тусалж байна хэмээн буруутгаж байгаа бөгөөд тус хоёр орныг газрын тосны үнийг өндөр байлгахын тулд хамтран ажиллаж байна гэж мэдэгдэж байгаа аж.
“Хорийн бүлэг”-ийн уулзалтаар ямар үр дүнд хүрч байв?
2008, 2009 онд санхүүгийн хямралын үеэр болсон дээд хэмжээний уулзалтаар удирдагчид дэлхийн эдийн засгийн системийг аврах олон арга хэмжээнүүдийн талаар тохиролцоонд хүрч байсан юм.
Гэхдээ дараагийн дээд хэмжээний уулзалтуудыг үр бүтээл багатай байсан гэж зарим шүүмжлэгч үздэг бөгөөд үүнийг ихэвчлэн өрсөлдөгч гүрнүүдийн хоорондын зөрчилдөөний үр дагавартай холбон тайлбарладаг байна.
Гэсэн хэдий ч дээд хэмжээний уулзалтын хүрээнд үр дүнтэй болсон хоёр талын уулзалтууд олон бий. Тухайлбал, 2019 онд Японы Осака хотод АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар худалдааны томоохон маргааныг зохицуулах яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцсон билээ.
Дээд хэмжээний уулзалт эсэргүүцэлтэй тулгардаг уу?
Удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох газрын эргэн тойронд ихэнх тохиолдолд томоохон жагсаал цуглаан өрнөдөг. 2010 онд Торонтод, 2017 онд Хамбургт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр капитализмын эсрэг жагсагчид жагсаж байв.
Рио-де-Жанейрод 2018 онд “Хорийн бүлэг”-ийн эдийн засгийн бодлогуудыг эсэргүүцэн олон мянган хүн жагссан байна. Мөн 2009 онд Лондонд болсон дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болсон жагсаалын үеэр сонин зардаг нэгэн хүн амиа алдсан харамсалтай явдал гарч байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг