ОХУ Украин руу довтолбол ямар үр дагавар гарахыг анхааруулжээ

🕔 2021/12/13 10:37


"Долоогийн бүлэг”-ийн /G7/ Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт ням гарагт Английн Ливерпуль хотод боллоо. Уулзалтыг зохион байгуулсан гол зорилгын нэг нь ОХУ Украин руу халдаж болзошгүй гэж болгоомжилж байгаатай холбоотойгоор ардчилсан орнуудын эв нэгдлийг харуулах явдал байв.
Дээд хэмжээний уулзалтын ихэнх хэсэг нь Украины хилийн орчимд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхэд зориулагджээ. Барууны орнууд ОХУ-ыг Украины нутаг дэвсгэр лүү довтлох гэж байна гэж хардаж байгаа юм. Харин Оросын эрх баригчид үгүйсгэсээр байна.
 
"Украины эсрэг цаашид цэргийн хүчээр түрэмгийлэл үйлдвэл маш их үнэ төлөх ноцтой үр дагавартай байх болно гэдэгт Орос улс эргэлзх ёсгүй" гэж оролцогч орнууд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
 

Улс орнууд мөн ОХУ-д хандан хурцадмал байдлыг намжааж, дипломат сувгийг ашиглаж, цэргийн үйл ажиллагааны ил тод байдлын талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан байна.
Оросын тал дээрх мэдэгдэлд хараахан тайлбар хийгээгүй байна. Гэсэн хэдий ч бямба гаргийн орой Лондон дахь Оросын Элчин сайдын яам мэдэгдэхдээ, "Оросын түрэмгийлэл" гэсэн нэр томьёог ашиглан Их Британийн Засгийн газар "дагагчдаа төөрөгдүүлж”, "Долоогийн бүлэг”-ийг даргалах хугацаандаа "эв нэгдлийг харуулах" гэсэн нийтлэг шалтгааныг эрэлхийлэх эрмэлзэлээ” харуулж байна гэжээ.  
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар мөн  хоёр цагийн турш цахимаар хэлэлцээ хийж, ОХУ-аас учирч буй цэргийн аюул заналтай холбоотой асуудлыг ярилцсан билээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох