Өсвөр үеийнхний дунд хавтгайрч буй дээрэлхэлтэд ямар шийтгэл ногдуулдаг вэ?
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнээ дээрэлхэх байдал нийт сургуулиудын дунд хавтгайрсан үзэгдэл болжээ.
Цахим орчинд иргэд хөвгүүдээс илүү охид нэгнээ дээрэлхдэг тухай бичих болсон. Энэ талаар Ерөнхий боловсролын сургуулиудаас сурвалжиллаа.
Чингэлтэй дүүрэгт орших хоёр ойрхон сургуулийн хооронд сурвалжилга бэлтгэлээ. Ахлах ангийнхны хичээл тараад ойролцоо байх байрнуудын дунд очин байрны үүдэнд сууж тамхилцгаах нь энгийн үзэгдэл болжээ. Тэнд охид хөвгүүд ялгаагүй бүгд л тамхичин юм. Зарим нь электрон тамхи зуучихсан хээв нэг насанд хүрсэн хүний царай гаргана.
Нэг ангийнх бололтой гурван хүү, таван охин сургуулиас гарч ирэв. Ойролцоо байх байрны арын мухар руу яваад орчихлоо. Эргэн тойрон нь байшингаар хүрээлэгдсэн, нэг булангаас өөр газраар гарах гарцгүй битүү газар юм. Тэдгээр хүүхдүүд цааш юу хийхийг хэсэг ажиж зогслоо.
Гэтэл таван охины нэг нь нөгөөхөө “Чи яасан дургүй хүргэсэн амьтан бэ. Багшид чи л хэлээ биз дээ. Чамаас өөр хэн хэлэх юм бэ” гээд алгадаад авав. Нөгөөх нь бүлтгэнээд юу ч хийж чадахгүй байгаа нь илт “Би хэлээгүй” л гээд байв. Ард зогсох гурван хүүгийн нэг нь “Наадхаа одоо дахиж хэлэхгүй болтол нь сайн хашраа” гэх нь тэр. Нэг охин үгийг нь сонссон даруйдаа охиныг өшиглөөд авах нь тэр. Ойр хавьд нь хэн нэгэн харах боломж хязгаарлагдмал учир эдгээр хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэхдээ энд авчирдаг нь ойлгомжтой.
Өшиглүүлсэн охин шарандаа өөдөөс нь хөдлөх гэтэл нэг хүү “Яасан их санаатай эд вэ” хэмээн гарыг нь бариад авав. Нөгөө охин ч хэд хэд алгадаад авлаа. Үлдсэн гурван охин ч ээлжлээд тэрхүү охиныг алгадацгаах юм. Миний тэвчээр барагдаад яваад оччихлоо. “Та нар яагаад нэгнийгээ дээрэлхээд байгаа юм” гэтэл “Чамд хамаагүй авгай минь. Явж байсан газар руугаа яв” гэх нь тэр. Та нарыг аль сургуулиас гарч ирснийг харсан шүү. Сургуульд чинь бүртгүүлээд цагдаа дуудах уу гэхэд сая нэг чимээгүй болж, “Уучлаарай эгч ээ, бид буруу юм хийчихжээ” гээд хажуугаар гүйгээд явцгаав.
Зодуулсан охинтой хэсэгхэн зуур ярилцлаа.
-Чи зүгээр үү?
-Зүгээр ээ.
-Энэ хүүхдүүд танай анги уу, чамд яагаад ингэж хандаад байгаа юм бэ?
-Тийм ээ. Манай анги. Би есдүгээр сарын 1-нд энэ ангид шилжиж ирсэн. Зүгээр л шилжиж ирсэн гэдэг шалтгаанаар намайг дээрэлхдэг. Сар гаруй энэ хүүхдүүдийн дээрэлхэлтийг тэвчиж явлаа. Одоо үнэхээр айж байна. Тэвчихэд улам хэцүү болж байна. Зүгээр дээрэлхүүлж байхаар зодуулаад ч болсон тэмцмээр санагдах юм. Эр, эмгүй нийлж байгаад намайг энд тэндхийн булан тохойд аваачаад байнга ингэдэг.
-Чи энэ байдлаа хэн нэгэнд хэлж байсан уу?
-Хэнд ч хэлээгүй. Хэллээ гээд яах юм бэ. Байдал өөрчлөгдөхгүй шүү дээ.
-Танай сургуульд сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан гээд байгаа биз дээ?
-Байдаг л даа. Тэдэнд хэлбэл асуудал улам л дэврэх байлгүй. Энэ чигээрээ тэсээд байж байтал аяндаа болих байх.
-Чи тэгээд цаашид яая гэж бодож байна даа?
-Буцаад хуучин анги руугаа шилжчихмээр л байна.
-Шилжиж болох юм уу?
-Манайх шинэ байр худалдаж аваад гэрийнхээ ойрхон гээд энэ сургуульд шилжиж ирсэн юм. Өмнө нь манайх гэр хороололд байсан. Тэгээд ипотекийн зээлд хамрагдаад байр авсан юм. Би шилжихгүй гэж гүрийсээр түрүү жил хуучин сургуульдаа явсан ч хол явахаар явдалдаа түүртээд шилжихээс өөр аргагүй болсон. Одоо шилжсэндээ харамсаж байна.
-Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол чи хохироод л байх нь байна шүү дээ?
-Хэдий манайх өмнө нь гэр хороололд байдаг ч гэсэн манай сургуульд ийм асуудал гарч байхыг би хараагүй. Ийм дээрэлхэлт байдаг гэж төсөөлж ч байгаагүй. Гэр хорооллынхныг бохир заваан гэдэг ч сэтгэл нь байшин хорооллын хүүхдүүдээс хамаагүй цэвэрхэн юм. Би хуучин сургуулиа санаж байна. Энд намайг хашааны банхар гэж дууддаг. Тиймээс би ээж ааваасаа буцаагаад шилжүүлээд өг гэж гуйна аа.
-Тэр чинь шийдэл биш шүү дээ?
-Энэ хүүхдүүд би биш ч дахиад л өөр хүүхэд дээрэлхэж л таараа. Тэгэхээр бас шийдэл биш л дээ. Гэхдээ би хэн нэгний дээрэлхэлтийн бай, гарын шүүс болох гэж шилжээгүй шүү дээ (уйлав).
“За одоо тайвшир даа. Би чамайг гэр рүү чинь дөхүүлж өгье. Нөгөө хүүхдүүд буцаад ирж магадгүй”, “Тэгээч эгчээ би айгаад байна” гээд бид охины гэр рүү хөдлөв. Гэрийнхээ ойролцоо ирээд охин “Манайх тэр байр. Баярлалаа эгчээ” гээд гүйгээд явлаа.
Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг охидын дунд илүү байгаа нь иймэрхүү ганц жишээнээс харагдаж байна.
Дээрх жишээн дээр тулгуурлан сэтгэл зүйч Н.Батдоржтой ярилцсан юм.
-Үе тэнгийн дээрэлхэлтийг чухам ямар шалтгааны улмаас үйлдээд байна вэ?
-Энэ бол нийтлэг асуудал. Бүр 1970 хэдэн оноос эхэлж л байсан. Яагаад вэ гэхээр нэг ангид санаа нийлсэн хэдэн нөхөд байж л байдаг. Амьдралын боломж сайтай, бие биеийнхээ зөв ч бай, буруу ч бай бүх үйлдлийг дэмжиж байдаг. Бусдаасаа өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь арай өнгөлөг, үнэтэй маягийн. Тийм нөхдүүд бусдыгаа командлах, дээрэлхэх зуршилтай болчихсон байдаг. Өөрсдөд нь тэр нь их таашаалтай байдаг. Бас тэднийгээ аялдан дагалддаг, долигонодог хэсэг нөхөд бий. Юу ч хийсэн дэмждэг, хов хүргэдэг, гар хөл нь болдог.
-Дээрэлхүү зан багаас нь суудаг гэсэн үг үү?
-Эцэг эхийн тусгал л байгаа юм. Багаас нь эцэг эх нь яаж өсгөнө тэгж л өсдөг.
-Багш нар тухайн хүүхдүүдийг харж анзаарч байх ёстой шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд арван жилийн багш нарын ачаалал хэтэрчихсэн. Хүүхэд бүрд хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй болсон. Тиймээс хамт олонч чанарыг буй болгох, эв нэгдэлтэй байх тал дээр багш хүрч ажиллахад хэцүү байгаа байх.
-Дээрх зодуулсан охин насанд хүрсэн хүнд ерөөсөө хэлээгүй байна л даа?
-Хүүхэд орчин нөхцөлөөсөө хамаараад хүнд хэлж чаддаггүй л дээ.
-Нэгэнт ингээд сэтгэл зүй нь гэмтчихсэн хүүхдийг яаж сэргээх вэ?
-Хэцүү л процесс л доо. Хамгийн итгэдэг хүндээ хэлсэн нь дээр л дээ. Тухайн хүүхдэд өөрийн гэсэн сайн чанар байгаа шүү дээ. Түүнийг нь л түшиглэж сайн талыг нь дэмжиж урамшуулж байх хэрэгтэй. Ойлгож, урамшуулах л арга зам бий. Тэр хүүхдээс өөрөөс нь л хамаарна. Гэхдээ томчууд нөлөөлөх л хэрэгтэй. Тухайн хүүхдийн сэтгэлийн тэнхээ л мэднэ. Хүн болгонд сэтгэлийн тэнхээ гэж зүйл бий хэмээв.
Сургуулийнх нь хүүхдүүд биенээ дээрэлхэж буйг нийгмийн ажилтнаас нь тодруулахад “Манай сургуульд тийм асуудал харьцангуй бага гэж бодож байна. Нүдээр харсан зүйл байхгүй болохоор хүүхдүүд нэгнээ дээрэлхдэг зүйл байхгүй байх. Хүүхэд л юм чинь хааяа бусадтайгаа муудалцах, хэрэлдэх, маргалдах үе байлгүй л яах вэ. Хэрвээ тийм асуудал байгаа бол уулзаж ярилцах болно” гэв.
Харин үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхдэг асуудалд ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага байдаг болов уу.
Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-Үе тэнгийнхэн нэгнээ зодож дээрэлхэж байгаа асуудалд ямар нэгэн хуулийн хариуцлага бий юү?
-Энэ нь Эрүүгийн хуулиараа бол гэмт хэрэг шүү дээ. Гэмтлийн хөнгөн, хүнд зэргээсээ хамаараад, нөгөө талаас өсвөр үеийнхний дээрэлхэлтийн асуудал, нийгмийн сүлжээнд элдвээр бичихийг манайд тусгай хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Гэтэл Австралид “Цахим өсвөр насныхныг хамгаалах тухай хууль” гэж байдаг. Монголд “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” гээд 2016, 2017 онд баталсан хоёр том хуультай. Энэ хуульд дээрэлхэлттэй холбоотой нарийвчилсан цахим орчны асуудлыг хөндөөгүй. Хүүхдийн эрхийн асуудал, түүний хараа хяналт, сурч боловсрох эрх, халдашгүй байх эрх зэрэгт төвлөрсөн хууль гэж би хувьдаа хардаг. Хүүхдийн дээрэлхэлттэй холбоотой бие биенээ шоглох, хоч өгөх, цохиж зодсон тохиолдолд гэмтлийн зэрэгтэй бол Эрүүгийн хуулиар хамгаална. Гэмтлийн зэрэг учраагүй, бие биенээ сургууль соёлын орчинд биед нь хүрсэн бол Зөрчлийн тухай хуулиар хүний биед халдах зөрчил хэмээн үзэж 100 мянган төгрөгөөр торгох шийтгэлтэй. Олон нийтийн газар үүнд сургуулийн орчин хамаарна шүү дээ.
-Тухайн хүүхэд дээрэлхүүлснээ хэнд ч хэлээгүй. Шилжиж ирсэн гэдэг л шалтгаанаар дээрэлхүүлээд яваад байгаа юм байна?
-Гомдол мэдээллийг хаана ч гаргаж болно. Та ч гаргаж болно. Зөвхөн хохирогч л гаргана гэсэн зүйл байхгүй. Гэмт хэргийн тухай хуульд иргэн, хуулийн этгээд, хэн нэгнээс гомдол гаргах нь нээлттэй. Тухайн үйлдлийг харсан гэрч ч байж болно. Тухайн гомдлыг хүлээж аваад хэрэг үүсгэх үү гэдэг нь харин цагдаагийн эрх бүхий албан тушаалтны үүрэг болно.
Миний санахаар Эрүүгийн хуулийн 14.1 гэж бий. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг. Хүнийг нас, хүйс, үндэс угсаа, боловсрол, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах асуудал багтдаг. Үүгээр шүүхээс шийтгэл ял авсан тохиолдол байгаа. Босоо хөх монголтой холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэд гэмтлийн зэрэг учруулчихсан учраас яг 14.1-ээр биш 11-ээр юм уу, тусдаа хүний биед гэмтэл учруулсан гэж шийтгүүлсэн санагдаж байна. Хүнд нэр хоч өгөх, хүнийг ялгаварлан гадуурхах өнгө аястай байдал нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа. Үүнийг тухайн харьяаллын цагдаагийн байгууллагад нь өргөдөл гомдол гаргаж болно.
-Тухайн хүүхдүүд насанд хүрээгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгаа юм л даа. Тэгэхээр ямар нэгэн хариуцлага тооцох боломжтой юу?
-Үүнд ялгах ёстой нэг асуудал бий нь насны хязгаар. Эрүүгийн хэргийн тусгай субъект бол 16 наснаас дээш шүү дээ. Зарим гэмт хэрэгт тусгай субъект байдаг. Хүний биед гэмтэл учруулах, хулгайн гэмт хэрэг бол 14 наснаас дээш гэж үздэг. Нууцтай холбоотой задруулах, үрэгдүүлэх асуудалд бол 18 наснаас дээш гэдэг ч юм уу. Хүнийг ялгаварлан гадуурхах асуудал дээр миний санаж байгаагаар 16 наснаас дээш гэж бодож байна.