Электрон тамхи гангараа биш, залуус аа

🕔 2022/10/05 11:46

Электрон тамхи гангараа биш, залуус аа

 

Гудамжаар алхах гурван хүн тутмын нэг нь амандаа “угж”-тай, зөрж өнгөрөх жаахан хүүхэд гартаа “гаанс”-тай явах нь хэвийн үзэгдэл болчихсон мэт дүр зургийг бид өдөр болгон хардаг болжээ.
Муу мэдээ хурдан тардаг шиг сөрөг дадал амьдралын хэв маягт хурдан нэвтэрч байгаагийн бодит жишээ электрон тамхи болчихоод байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн ойролцоо хэд хэдээрээ бөөгнөрчихөөд хээв нэг татаад инээлдэж байгаа өсвөр үеийнхэн трэнд болтлоо Монголчууд электрон тамхинд живж эхэлж.
Хүүхдүүд, өсвөр үеийнхний хамгийн ихээр үйлчлүүлэх дуртай CU, GS25-ын лангууны гол бүтээгдэхүүний нэг нь vape буюу электрон тамхи болсон. Хананд нь “Электрон тамхийг насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй” гэсэн бичиг наалттай байдаг ч эргэн тойронд нь хүүхдүүд амандаа зуучихсан инээлдэж зогсох нь “бодит байдал”-ыг харуулдаг нь нууц биш.
 
Дунд ангид орсон юм уу гэж эргэлзмээр жаахан хүүхдүүд дэлгүүрийн лангуун дээрээс “тамхи биш” гэсэн тодотголтой уур гаргадаг, урт соруулыг дураараа авч чадаад байгаагийн учир шалтгаан нь юу вэ?
 
Залуучуудын дунд бие биеэ дуурайн, электрон тамхинд донтох явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг мэргэжилтнүүд ч анхааруулсаар, томчууд бид ч харсаар нэлээд хугацаа өнгөрсөн. Харин энэ бүхэнд хяналт тавьдаг, харж ханддаг төрийн болон төрийн бус, сайн дурын ч болтугай байгууллага Монгол Улсад ер нь байна уу.
Ялангуяа нийгэм дэх сайн мууг өөрийн ухамсраар ялгаж салгахаас илүү бусдыгаа даган дуурайж, “cool” харагдахдаа л анхаардаг хүүхэд насанд нь зөв бурууг чиглүүлж, зааж сургах ёстой эцэг эхчүүд бид энэ үүргээ умартаад байгаа юм биш биз. Электрон тамхийг анх 2003 онд манай өмнөд хөршид бүтээжээ. Тамхинаас гарахыг хүссэн хүмүүст зориулан тамхи татах дуршлыг бууруулах зорилгоор анх бүтээсэн гэдэг ч яг үнэндээ утаат тамхинаас хоргүй байж чадах уу гэдэг нь эцэс болоогүй л байна.
Монгол залуучуудын дунд мода болоод байгаа электрон тамхи үнэхээр хор багатай эд үү гэвэл судалгааны дүн үүнээс эсрэг хариултыг өгч байна. Электрон тамхины шингэний найрлагад глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл толгой эргэх, дотор муухайрах, уушги гэмтэх, тархинд нөлөөлөх зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн энгийн судалгаанууд бий. Цаашлаад ирээдүйд хэдэн жилийн дараа ямар үр дагавартайг нь бүрэн нотолж ч амжаагүй байна. АНУ-ын Нью-Йорк хотын эрдэмтэд электрон тамхи сорох үед янжуур тамхитай харьцуулахад хүний хамрын хөндийд хоёр дахин их  уур сорогдож хамрын хөндий, хоолойн үрэвсэл, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. АНУ-д зарагддаг зарим электрон тамхинд энгийн тамхинаас 2-3 дахин их никотин болон бусад химийн бодис, тэр дундаа хорт хавдар үүсгэгч агуулагддаг байсныг тогтоож хэсэгтээ л тэнд хэл ам болж байсныг мэдэх юм. Гэтэл манай залуучууд эсрэгээрээ эрүүл соёл гэж итгээд, гангараа болгон хэрэглэх нь газар авсаар байна.
АНУ-ын хүүхдийн эмч Кей Лофгренэрүүл мэндийн тусгай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Өсвөр насны хүүхэд том хүнээс зургаа дахин богино хугацаанд тамхинд донтох аюултай байдаг. Энэ нь зөвхөн уламжлалт тамхи ч бус, электрон тамхины донтолтын хувьд ч ижил” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Харин ДЭМБ-аас “Тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна” гэж анхааруулсаар байна.
Тэгэхээр энхрийлж өсгөсөн хүүхэд чинь эцэг эхээсээ нууцаар электрон тамхийг хоргүй гэж итгэчихээд уушги цээжний элдэв өвчлөлөөс эхлээд уураг тархины дутмагшилд орох хүртэл эрсдэлтэй болчихоод яваа юм биш биз. Электрон тамхийг утаат тамхинаас хор багатай гэсэн мэдээллийг энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниуд зориудаар тараадаг. Энэ нь “сахаргүй” гэж бичсэн бүхэн үнэндээ сахар орлуулагч агуулсан буюу илүү их аюултай байдагтай агаар нэг. Никотингүй гэж бичсэнээрээ тэр нь хоргүй гэсэн үг биш юм. Харин ч бүрэн судлагдаж амжаагүй, ямар химийн бодис орсон нь 100 хувь тодорхой бус учраас хоргүй гэж төөрөгдүүлэх нэг арга нь болоод байгаа юм.
 
Нэг талдаа, утаа гаргаж, муухай үнэртүүлж явснаас цэвэрхэн, соёлтой аргаар тамхинаас гарахыг үгүйсгэж болохгүй ч нөгөө талаар энэ их замбараагүй хэрэглээ харин ч тамхидалт гэдэг хорт зуршлыг ил цагаанд нь гаргах өөр нэг хаалгыг нээчихсэн юм биш үү. “Энэ чинь тамхи биш” гэж нэрлэчихээд хаа сайгүй сороод явах хүүхэд залуус гудамж талбайд дүүрэн байна.  Хэзээ ер нь хүүхдүүд аав ээж, ах захаасаа ч эмээхгүй, амандаа янжуур зуучихаад хээв нэг зогсдог байсан юм бэ?
 
Электрон тамхины хэрэглээг хязгаарлах талаар сошиал орчинд хөндөх төдийд л сүрхий эсэргүүцэлтэй тулдаг юм байна. “Утаат тамхиа баагиулаад, өмхий үнэртүүлээд явж байснаас дээр”. “Уламжлалт тамхинаас хорт утаа гардаг, электрон тамхинаас утаа биш уур гардаг”. “Хоргүй, эрүүл, соёлтой” гэх мэтээр залуучууд голдуу хүмүүсийн сэтгэгдэл хөвөрч байна.
Ер нь залуучуудын электрон тамхинд дурлах нь тэдний ухамсраас илүүтэйгээр бусдыг даган дуурайж гоё харагдах залуу насны хөнгөн бодолтой ч холбоотой. Олны танил хүмүүс ч, ойр тойрныхон нь бүгдээрээ хэрэглээд эхлэхээр сонирхож, шохоорхоод донтох хүүхдүүд ч олон бий. Ганцхан жишээ гэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр “Vandebo” хамтлагийн дуучин Эбо буюу Б.Эрдэнэболд электрон тамхи зуучихаад камерийн дуранд өртсөн нь хэсэгтээ л залуучуудад ингэх нь “cool” юм байна гэсэн буруу мессежийг өгсөн. Залуус бусдад гоё харагдах гэж хэрэглэж байгаа энэ гангараа нь ирээдүйд өөрт нь ямар эрсдэлтэйг ч ухаарах сөхөөгүй дурлацгааж байна.
Тэгэхээр бүрэн судлагдаагүй, учруулах хор уршиг нь одоо биш ч ирээдүйд хүлээж болзошгүй энэ бүтээгдэхүүнийг хязгаартай байлгах, зөв зохистойгоор хэрэглэхийг уриалах цаг болж. Үүгээр утаат тамхи татъя, уламжлалт тамхи хоргүй гэж магтах гэсэнгүй. Утаатай ч бай, утаагүй ч бай тамхи болгон хортой. Мэдээж хортой гэдгийг нь мэдсээр байж хэрэглэж байгаа, өөрийгөө хянах хэмжээний ухамсартай насанд хүрсэн хүмүүст бол тэдний сонголт. Харин учир мэдэхгүй жаахан хүүхдүүдэд хоргүй гэж итгүүлэн зарахаа больё, бизнесийн жаахан ч болов ёс зүйтэй байя. Хүүхэд залуучуудын өмнө үг үйлдлээрээ хариуцлага хүлээдэг урлагийнхан ч зөв трэндээр давалгаалъя. Ядаж л Ерөнхийлөгчийн урилгаар уригдсан уран бүтээлч нь электрон тамхи сурталчилж, буруу үлгэр үзүүлмээргүй байна. Харин ч үеийнхэндээ гайхуулан гангарахын оронд үр дагаврыг нь бодоод татгалзаж чадвал жинхэнэ “cool” шүү залуусаа.
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох