Монголбанк эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд 2023 оны үйл ажиллагаагаа чиглүүлнэ

🕔 2022/10/07 11:29

Монголбанк эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд 2023 оны үйл ажиллагаагаа чиглүүлнэ

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  УИХ- дээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар танилцууллаа. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад, дотоод үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх замаар даван туулах, Монгол Улсын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсрууллаа. Гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байлаа.

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.

Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.


Түүнчлэн, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.

Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна. Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна.

 

Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлуудыг зорилт болгож байна. Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ” гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох