Лангуун дээрх үнэ кассан дээр зөрсөн CU, Веллмарт, Гүүд прайс зэрэг ААН-ийг торгов
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассны үнэ зөрсөн зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Зөрчил гаргасан “Скай хайпермаркет” ХХК-ийн “И-март Чингис” салбар, “Сэнтрал Экспресс Cи Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар, “Веллмарт чейн” ХХК-ийн “Веллмарт” супермаркет, “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркет зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу болон кассны үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй эрхлэгчдэд тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
Мөн “Номин тав трейд” ХХК-ийн “Номин хайпермаркет” Саппоро салбар, “Номин тав трейд” ХХК-ийн “Номин юнайтед” салбар, “Моннидер” ХХК буюу “Оргил” сүлжээ дэлгүүрийн Зайсан салбар, “Веллмарт чейн” ХХК буюу Вэллмарт сүлжээ дэлгүүрийн Бишрэлт салбар, “Хархорин худалдааны төв”-ийн 23 дугаар салбар, “Боса холдинг” ХХК-ийн “Боса агуулах худалдаа” Сонсголон салбар зэрэг зах худалдааны төв, супермаркетуудын жин хэмжүүрүүд нь Стандарт, хэмжил зүйн газраас олгодог механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссах болох нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад нь шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.
Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан 51 аж ахуй эрхлэгчээс импортолсон цагаан будаа, элсэн чихэр, болон хүнсний ургамлын тосны захиалга, татан авалт, нийлүүлэлтийн мэдээ, мэдээллүүдийг гаргуулан авч шалгаж байна.
Эх сурвалж: ШӨХТГ