Хатан хааныг үдэх төрийн оршуулгад 2000 гаруй хүн оролцлоо

🕔 2022/09/20 10:11

Хатан хааныг үдэх төрийн оршуулгад 2000 гаруй  хүн оролцлоо

 

Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэх ёслол өчигдөр Вестминстерийн сүмд боллоо. Хатан хааныг үдэх төрийн оршуулгын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 500 орчим удирдагч, тэргүүлэх зэргийн зочин тэргүүтэй 2000 орчим зочин оролцлоо. Тухайлбал, Их Британийн удирдагчдаас Борис Жонсон, Тереза Мэй, Дэвид Камерон, Тони Блэйр нар оролцсон юм. II Элизабет хатан хаан байх хугацаандаа анхны ерөнхий сайд Винстон Черчиллиэс эхлээд саяхан томилогдсон Лиз Трасс хүртэлх 15 ерөнхий сайдтай биечлэн уулзаж, хамтран ажиллаж байв.Харин бусад орноос АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Шотландын тэргүүн сайд Никола Стержеон, Уэльсийн тэргүүн сайд Марк Дрейкфорд нар гэргийтэйгээ хүрэлцэн иржээ. Мөн Бельги, Нидерланд, Испани, Денмарк , Япон гэсэн хааны удирдах ёс уламжлалтай орноос хаан, хатан хаад нь ирсэн байна.

 

Хатан хааныг үдэх энэ ёслолд оролцсон нийт зочдын тоог дөрвөн жилийн өмнө болсон ханхүү Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримаас хэд дахин их байна гэсэн тооцооллыг “BBC” гаргажээ. Үдэх ёслолын жагсаалыг үзэх газар бүгд дүүрсэн гэж Лондон хотын захиргаа мэдэгдлээ. II Элизабеттэй салах ёслолын зохион байгуулалтад 4000 орчим хүн оролцсон агаад тэд мөн жагсагчдын нэг хэсэг болсон юм. Ёслолд оролцохын тулд ихэнх албан байгууллага даваа гарагт ажилласангүй. Үүнээс гадна хатан хаан тэргүүнээр нь ажилладаг Хамтын нөхөрлөлийн 14 орноос эхлээд хэдэн сая хүн энэ төрийн оршуулгын ёслолыг телевизээр үзжээ.

 

Төрийн оршуулгын үеэр Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс Библийн хэсгээс уншлаа. Тэрбээр “Надад болон бурханд итгээд зүрх сэтгэлээ бүү шаналга” гэсэн эшлэлийг нь уншсан юм. Энэ эшлэл нь Христийн шашныг шүтэгчид диваажинд очно гэсэн утга агуулгатай байдаг аж. Мөн Хамтын нөхөрлөлийн орнуудын Ерөнхий нарийн бичгийн дарга Баронесса Шотланд Библийн Паулын бичсэн захидлуудын мөнхийн амьдралын тухай хэсгээс хамгийн эхэнд уншиж толилуулсан юм.

Хатан хаантай салах ёслолд ашигласан сүйх тэргийг II Элизабетийн аав VI Жорж, анхны ерөнхий сайд Винстон Черчилль нарыг оршуулахад мөн ашиглаж байжээ. Хатан хаан II Элизабетийг түүний аав VI Жорж хаан, ээж, эгч Маргарет гүнж болон нөхөр Эдинбургийн гүн ханхүү Филипп нартай хамт нэг сүмд оршуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

скачать dle 12.0

Санал болгох