Боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих нь хөгжлийн чухал тулгуур юм

🕔 2022/09/22 09:51

Боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих нь хөгжлийн чухал тулгуур юм
Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулсан “Mongolian mining week 2022” уул уурхайн долоо хоногийн хүрээнд “Үүсмэл ордын ашиглалт” онол, практикийн хуралдаан өчигдөр боллоо. Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг нэрлэдэг гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заажээ. Тодруулбал, ашигт малтмалын овоолгыг баялаг болгон хувирган дэлхийн зах зээлд нийлүүлдэг боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд нэг дор цуглаж, алдаа оноо болоод ирээдүйгээ хэлэлцсэн юм.

 

Олборлолтоос боловсруулалт руу шилжихийн үр ашгийн тухайд...

 

Манай улсын экспортод гаргаж буй түүхий эдийн ердөө 1.1 хувийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 83 хувийг “Ачит-Ихт” компанийн боловсруулсан түүхий эд дангаараа эзэлж байна. Тухайлбал, манай улсад боловсруулсан зэс үйлдвэрлэж экспортолдог хоёр компани байдаг. Үүний нэг нь “Эрдмин” компани юм. “Эрдмин” ХХК 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс, 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани жилдээ 2500 тонн зэс үйлдвэрлэдэг.

Харин Лондонгийн металлын биржийн гишүүн, зэс боловсруулах үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлдэг  “Ачит-Ихт” компани  жилдээ 10 мянган тонн зэс үйлдвэрлэдэг. “Ачит-Ихт” компани нь 2006 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид  тохирохгүй, балансаас хасагдсан, ядуу агуулгатай хүдрийн холимог овоолгыг гадаадын болон үндэсний томоохон компаниудтай хамтран судалгаа, туршилт хийсний үр дүнд 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш найман жилийн туршид тус компани орчин үеийн дэвшилтэт, технологийг ашиглан ядуу агуулгатай, хүдрийн холимог овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Лондоны металлын биржийн “А” зэрэглэлийн 99.999 хувийн цэвэршилтэй катодын зэсийг үйлдвэрлэн экспортолж байна.

Хурлын үеэр боловсруулах үйлдвэрийн компанийн тоо цөөн байгаад юу нөлөөлж байгаа талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан танилцуулсан юм. Тэрбээр  “Манай улсын экспортын 40 орчим хувийг зэс эзэлж байгаа ч боловсруулсан зэсийн экспортын эзлэх хувь маш бага байна. Тухайлбал, 2017 онд 15 мянган тонн тунгаамал зэс үйлдвэрлэж байсан бол 2022 онд 9800 тонныг үйлдвэрлэж байна. Нийт зэсийн экспортоор Монгол Улс дэлхийд топ 20-д багтдаг боловч боловсруулсан зэсийн экспортоор энэ жагсаалтад багтдаггүй. Гэтэл боловсруулах үйлдвэрийн тоо нэмэгдсэнээр нэмүү өртөг бий болж, экспортын төрөл зүйл нэмэгдэж, зах зээл өргөждөг. Мөн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдэхийн сацуу хүний нөөцийн чадвар сайжирдаг. Боловсруулах үйлдвэрийн ажилчид хаана ч ажиллах хэмжээний хөрвөх чадвар эзэмшсэн байдаг тухай судалгаа гарсан байдаг.  Олборлолтоос боловсруулалт руу шилжье гэж Засгийн газар шийдвэр гаргасан нь сайн. Гэхдээ боловсруулах үйлдвэрээ цогцоор нь  хөгжүүлэхийн тулд зургаан асуудалд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, төгрөгийн ханш, инфляцийн түвшинг тогтвортой байлгах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрх зүйн орчны тогтвортой байдал чухал.  Учир нь Ашигт малтмалын тухай хуульд 2006 оноос хойш 300 гаруй өөрчлөлт орсон байна. Мэдээллийн технологи хөгжсөн үед ийм олон өөрчлөлт хийх  сөрөг нөлөө ихтэй. Гуравдугаарт, инновацын бодлого хэрэгтэй. Дөрөвдүгээрт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж өрсөлдөх чадварыг  сайжруулъя. Тавдугаарт, татварын орчинг өөрчлөх хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө импортоор оруулж ирэхэд нь  оноох татвараа бууруулахгүй бол өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө.Зургадугаарт, АМНАТ-ыг боловсруулсан компаниуд нь давхар төлөх асуудал үүссэнийг цэгцлэх шаардлагатай.Энэ нь боловсруулах үйлдвэр хөгжихөд саад болж байгаа чухал хүчин зүйл юм. Олборлох салбараас орж ирж байгаа мөнгийг Засгийн газар эрчим хүч, хүний нөөцөд зарцуулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал хөгжих боломж бүрэн байна” гэсэн юм.

 

Тусгай зөвшөөрлийн хугацааг ТЭЗҮ-н хугацаатай ижил болгоё

 

Ашигт малтмалын тухай хуульд 2016 онд үүсмэл ордын холбогдолтой зохицуулалтууд шинээр орсноор эрх зүйн орчны үндэс бүрдсэн байдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр  Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журам, Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг баталж, 61 дүгээр тогтоол гарч байв. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгохоор хуулинд тусгасан байдаг.Гэвч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноос хойш зургаан жилийн хугацаанд үүсмэл орд ашиглах ганцхан тусгай зөвшөөрлийг олгосон нь “Ачит-Ихт” компани юм.

Хууль эрх зүйн орчинг хэрхэн өөрчилвөл зохистой талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “ААН-үүд ядуу хүдэр, бага агуулгатай борт, баяжуулалтын хаягдал зэргийг хөрсний овоолго дор булшлах байдлаар үүсмэл орд үүсэх боломжийг үгүйсгэж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Мөн үүсмэл ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгож, сунгагдах байдлаар зохицуулсан байгааг ТЭЗҮ-ийн хугацаатай уялдуулан олгодог эрх зүйн орчин бий болгох шаардлагатай байна” гэсэн юм.

 

Экспортолсон катодын зэсийн 80 хувийг “Ачит-Ихт” компани үйлдвэрлэжээ

 

“Ачит-Ихт” компани үүсмэл ордыг ашиглах туршилт судалгаагаа геологийн судалгаа, металлургийн туршилт, судалгаа, практик туршилт гэсэн гурван үе шаттайгаар хийжээ. Энэ талаар “Ачит-Ихт” ХХК-ийн Катодын зэсийн үйлдвэрийн Судалгаа, шинжилгээ, хяналтын албаны дарга П.Очирбат “Манай компани уусгалт-металлургийн хүндэвтэр нөхцөлтэй гэж тооцогдох зэсийн үүсмэл ордыг туршилт судалгаанд тулгуурлан, шинэлэг техник технологи арга аргачлалыг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Үүсмэл ордыг ашиглах туршлага хуримтлуулж энэ чиглэлийн үйл ажиллагаагаар Монгол Улсын уул уурхайн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадахуйц инженер техникийн баг хамт олны нэг болж чадлаа. Судалгааны үр дүнд тулгуурлан энэ онд үүсмэл ордын ашиглалтын нөөцийг нэмэгдүүлэх ТЭЗҮ-ийн тодотголоо батлуулахаар ажиллаж байна. Монгол Улсын зэсийн ордууд порфирийн үүсэл гаралтай ба тэдгээрээс бий болсон үүсмэл ордуудыг уусгалтын аргаар боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна” гэв.

“Ачит-Ихт” компани боловсруулах үйлдвэрлэлээр 2021 оны байдлаар ДНБ-ий 0.6 хувийг бүрдүүлж, улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ.  Мөн “Ачит-Ихт” компани нь 2021 оны байдлаар Монгол Улсын экспортолсон катодын зэсийн 80 хувийг үйлдвэрлэсэн байна. Тиймдээ тус компани  “Олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд” уриан дор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажилладаг байна. Үүнээс гадна “Ачит-Ихт” компани тэсэлгээ хийх боломж, цооногийн судалгаа, био уусгалтын судалгаа зэргийг эрчимтэй хийж, үйлдвэрлэлийн нөөцөө 20 хувиар нэмэгдүүлэх ойрын зорилт тавьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (6915)

скачать dle 12.0

Санал болгох