“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь

🕔 2019/01/22 15:49

“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь

 

Монгол төрийн байгууллагууд "Дундаж” гэсэн хэмжигдэхүүнийг албан мэдээндээ ахиухан хэрэглэдэг. Үнэндээ энэ дундаж гэсэн илрхийлэл бол бүдүүн баараг, бодит байдлаас холдуулсан  тайвшруулах тариа шиг санагддаг.  Магадгүй юуг дунджлахав, юуг дундажлахгүй байхав гэдэг нь нарийн тооцоолуур байж мэднэ.

Саяхан нэг хачирхалтай гэмээр дундажтай тааралдав. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэг мэдээнд дурдснаар Монгол Улсын иргэдийн тэтгэвэр авах дундаж хугацаа 22 жил гэжээ. Хэрэв энэ дунджийг иш үндэс болговол 60 хүрээд тэтгэврээ тогтоолгосон эрэгтэй 82 нас, эмэгтэй 77  нас хүртлээ тэтгэврээ авдаг юм байна.  Энэ жилээс эхлэн мөрдөгдөж эхлэх тэтгэврийн цаашлуулсан нас буюу 65 насаар тооцвол 87 нас хүртэл тэтгэвэр авахаар харагдаж байгаа юм.

Гэвч тэтгэврийн насны монгол хүн дунджаар 22 жил тэтгэвэр авч байна гэсэн энэ дундаж бодит амьдралаас хэт хол, андуурал гэмээр төсөөлөгдөж байна. 

Монгол хүний дундаж нас одоогоор  69,  эрэгтэйчүүд нь бол бүр ч доогуур  65 жил байгаа. Харин эмэгтэйчүүд нь 75 хүрдэг аж. Гэтэл яахаараа дунджаар 22 жил төрийн хишиг хүртэж тэтгэвэрээр тэжээлгэх хувь тохиодог билээ. Хэрэв тэтгэврийн хугацааг дундаж наслалттай нь харьцуулж харвал тэнгэрийн оронд очсон хойноо ч тэтгэврээ үргэлжлүүлэн авсаар байдаг гэсэн үг үү.  Нас барсан хүний тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан гэх мэдээлэл үе үе чих дэлсдэг л юм. Арай энэ дундаж  дунд цохьж яваа юм биш биз гэж эргэлзмээр.   

Яахав, ганц нэг харгалзах үзүүлэлт шалгуур байдагийг үгүйсгэх аргагүй. Жишээ нь зарим нь олон хүүхэдтэй, эсвэл цэрэг цагдаад ажиллаж байсан гэхчлэнгээр тэтгэврээ харьцангуй эрт тогтоолгодог хүмүүс бий. Мөн 80, 90 нас хүртлээ энх тунх байж тэтгэврээ авдаг  хүн ч бас байдаг л биз.  Энэ мэт харьцангуй байдлаас тэтгэвэр авах дундаж хугацаа сунаж мэдэх ч 22 жил гэдэг бол бодит байдлаас арай л хэтэрхий хол хөндий сонсогдож байна.

1,1 сая төгрөгийн дундаж цалинтай гэсэн хөөргөн мэдээлэлд хамгийн доод хэмжээгээр буюу 280 мянган төгрөгөөр цалинждаг 80 мянган хүний амьдралын чанар, үнэлэмж бүрхэгдэн бүүдгэрч орхигдож байгаа нь гол гонсоймоор.

Ер нь яаж ч бодсон дундаж наслалт нь 69 жил хүрдэг Монголд тэтгэвэр авах дундаж хугацаа нь 22 жил байна гэдэг итгэл үнэмшилтэй байж чадах уу. Ийм  дундаж үзүүлэлтээр  бодит байдлыг бүрхэгдүүлж, магадгүй улс төрчид, салбарынхан сэтгэлээ засч, олон түмний тархийг угаахад л хэрэг болдог байх.

Цалингийн дундаж гэх сайхан үзүүлэлт бий.  Монголчуудын дундаж цалин нэг сая төгрөгөөс хэдийнэ давсан бол өрхийн дундаж орлого ч мөн тийм хэмжээнд хүрсэн. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсдын дундаж цалин 1,1 сая орчим төгрөг бол төрийн албан хаагчдын цалин  өмнөх долоо хоногт нэмэгдэж 916 мянган төгрөг болжээ. Гэхдээ энэ бас л дундаж үзүүлэлт.  Гэтэл үүний цаана Монгол Улсын ажил эрхэлж байгаа 1,1 сая иргэдийн 8 хувь буюу 80 000 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 280 мянган төгрөгийн цалинтай гэсэн мэдээлэл байна. Харин саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 340 мянга болгож нэмэгдүүлсэн ч инфляц цалингийн өсөлттэй зуузай хоршсон хэвээр байгаа.

Ингэхээр 1,1 сая төгрөгийн дундаж цалинтай гэсэн хөөргөн мэдээлэлд энэхүү хамгийн доод хэмжээгээр цалинждаг 80 мянган хүний  амьдралын чанар, үнэлэмж бүрхэгдэн бүүдгэрч орхигдож байгаа нь гол гонсоймоор.  

Хэдхэн хоногийн өмнө тэтгэврийг нэмлээ. Ингэснээр салбарын сайдын мэдээлснээр  дундаж  тэтгэвэр 371 мянган төгрөг болжээ. Энэ удаагийн нэмэгдлээр  тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг болсон. Гэхдээ  тэтгэврийн насныхны ихэнх нь буюу 195 000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг ажээ. Мөн л 195 мянган ахмадуудын  доод түвшний тэтгэвэр мөнөөх дундаж гэсэн ахиу үзүүлэлт дор  бүрхэгдэж байна гэсэн үг. Ийм жишээ олныг дурдаж болно. Ийнхүү монголчуудын "Алтан” хэмээн тодотгодог  дундаж гэсэн хэмжүүрийн сүүдэрт нуугдаж дарагддаг

"Дундаж” гэсэн нэг иймэрхүү дулимаг дутуу илэрхийллээр улсын нийгэм эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийг илэрхийлэх нь  ажил, амьдралын бодит байдлыг тэгшитгэн, өө сэвийг нь дарж харуулдаг,  зүгээр л нэг бөөрөнхийлөл шиг харагдаж байна.

Үгүй ядахнаа3 сая гаруйхан иргэдийнхээ аж амьдралын  дүр төрхийг дунджлахгүй, нарийн  нямбай, нас хүйсээр нь тооцож тольдох хэрэгтэй биш үү. Төрийн үндсэн үүрэг чинь л энэ иргэдийн ахуй амьдралын чанар байдал биз дээ. Аль эсвэл дунджлаад тэг дундуур нь туучаад байх юм уу.



Г.Хантулга

http://www.zaluu.com/read/2gdfhgbcc

скачать dle 12.0

Санал болгох