The Diplomat: Гадаад дахь монголчуудад Монголын ардчилал үйлчилдэггүй
“The Diplomat” агентлагийн нийтэлсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
1990-ээд онд Монгол Улс социализмаас олон намын системтэй ардчилсан тогтолцоонд шилжсэнээр иргэд нь сонгох болон чөлөөтэй зорчих эрхтэй болсон. Тус улсад ардчилал гүнзгийрэхийн хэрээр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо өсөж, 1992 онд хэдхэн мянга байсан бол 2020 онд 120 мянга гаруй болж нэмэгдэв. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар гадаад дахь иргэддээ сонголт хийх бүрэн эрх олгосонгүй. Үндсэндээ парламентын засаглалтай ардчилсан Монгол Улсын гадаад дахь иргэд зөвхөн Ерөнхийлөгчөө л сонгох эрхтэй. Цаашлаад гадаадад амьдардаг иргэдийн сонгуулийн ирц маш бага байдаг.
2021 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа 120 мянга орчим монголчуудаас ердөө 7394 нь л сонгуульд оролцохоор бүртгүүлж, бүртгүүлсэн хүмүүсийн 39.8 хувь нь л санал өгсөн байна. Шилжилт хөдөлгөөн судлаач Жан-Мишель Лафлер Итали, Мексик, Боливи улсаас цуглуулсан анхан шатны өгөгдлийг ашиглаж гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ санал өгүүлэхийн ач холбогдлын талаар ийн тайлбарлажээ. Нэгдүгээрт, цагаач иргэдээ дэлхийн эдийн засгийн хөрөнгө гэж үзэх тодруулбал, мөнгөн гуйвуулгын хувьд тоон үзүүлэлтээр тодорхойлох нэг арга бол санал өгөх эрхийг ашиглах юм. Хоёрдахь хүчин зүйл нь гадаад дахь иргэдийн холбоо нь лоббигийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь хууль тогтоох байгууллагад хөндлөнгийн санал хураалт явуулахад дотоодын оролцогчдод шахалт үзүүлэхэд чухал нөлөөлтэй.
Эхний хувьсагчаар Монгол өндөр оноо авсан. Бусад улсаас гуйвуулсан мөнгө 2020 онд ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэх хэмжээний буюу 548.83 сая ам.доллар байсан нь бага, дунд орлоготой орнуудын дунджаас 1.7 хувиар өндөр байгаа юм. Улс төрийн хүрээнийхэнд Монгол Ардын нам голчлон ноёрхож, харин тус улсын гадаадад байгаа иргэд сөрөг хүчнээ ихээхэн дэмждэг нь судалгаанаас харагддаг. 2021 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Дангаасүрэнгийн Энхбат нийт сонгогчдын дөнгөж 21.6 хувийн санал авсан бол гадаадад байгаа 2082 сонгогчийн 75 орчим хувь нь түүний төлөө саналаа өгчээ. Хилийн чанад дахь монголчуудын хувьд ч сонгуулийн ирц бага байдаг. 2013 оны сонгуулийн үеэр гадаадад ажиллаж, амьдарч буй сонгогчдын 4242, 2017 онд 4767 нь саналаа өгч байжээ.
Хойд Америкт ажиллаж, амьдардаг нэгэн монгол хүн санал өгөхгүй байх шалтгаанаа тухайн улсынхаа нийслэлд байдаг Элчин сайдын яаманд очиж бүртгүүлэх шаардлагатай байдагтай холбон тайлбарлаж байв. Энэ нь Оттава эсвэл Вашингтон ДС-д амьдардаг сонгогчдод боломжтой ч баруун эсвэл баруун эрэг дагуу амьдардаг сонгогчдод ихээхэн хүндрэлтэй байгаа юм. “Pew”-ийн судалгаагаар АНУ дахь монголчуудын олонх нь Чикаго (Вашингтон дахь Монголын ЭСЯ-наас 1100 гаруй км-ийн зайд), Лос Анжелес (3700 км-ийн зайд), Сан Франциско (3900 километрийн зайд), Сиэттл (4500 километрийн зайд), Денвер (2670 километрийн зай) зэрэг хотод амьдарч байжээ.
Монголын гадаад дахь иргэдийн байгууллагыг тэргүүлдэг монгол гаралтай Чикагогийн оршин суугч “Сонгогчид сонгууль болохоос 30 хоногийн өмнө ЭСЯ-нд нэрээ бүртгүүлэх шаардлагатай болдог. Хэрэв иргэд паспортоо сунгах болон онцгой шаардлагатай л биш бол дипломат төлөөлөгчийн газартай холбоо барьдаггүй. Нөгөө талаас улс орныхоо улс төрийн дэглэмийг эсэргүүцдэг сонгогчид эрх баригчид нь байршлыг нь тогтоовол хавчлагад өртөх вий гэж эмээдэг. Мөн гадаад орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд бичиг баримтгүй байх тохиолдол түгээмэл байдаг” хэмээжээ.
Олон улсын цагаачлалын байгууллагын Монгол дахь багийн ахлагч Виктор Лутенко сонгууль болохоос өмнө заавал бүртгүүлэх шаардлагатай байгаа нь гадаадад санал өгөхтэй холбоотой олон бэрхшээлийн жагсаалтыг нэмж, боломжит сонгогчдыг саатуулж байна. Тиймээс гадаадад амьдарч байгаа Монгол Улсын паспорттой хэн ч бүртгүүлэх шаардлагагүйгээр санал өгөх боломж олгох шаардлагатай” хэмээжээ. Нийт 3.2 сая орчим хүн амтай тус улсын хувьд гадаадад байгаа 120 мянган монгол иргэн нь сонгогчдын дөрөв орчим хувийг эзэлдэг. Тэд ч гэсэн улс орныхоо ардчилсан үйл явцад оролцох, ялангуяа санал өгөх үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН