АСЕМ-ын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын хэлэлцүүлэг өндөрлөлөө
Ази-Европын уулзалт АСЕМ-ын хэвлэл мэдээллийн салбарын хэлэлцүүлэг Хятадын Гуанжоу хотноо зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. АСЕМ-ын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан анхны хэлэлцүүлэг гэдгээрээ энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог байлаа. Ази, Европын 51 орон, бүс нутгийн хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид, албаны 200 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцсон байна.
Хэлэлцүүлэгт хөндсөн гол сэдэв олон нийтийн дунд мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, Ази, Европын орнуудын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал байлаа. Олон улсын шинжээч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёл, бизнес, улс төрийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байна.
Ази, Европын сэтгүүлчид мэдээлэл солилцож, харилцан туршлага судлахын ач холбогдлыг Европын холбооноос хүрэлцэн очсон төлөөлөгч мөн онцолжээ. Ирэх зун манай оронд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр харилцаа холбооны хамтын ажиллагаа хэлэлцэх гол сэдвийн нэг байна гэдгийг шинжээч мэргэжилтнүүд хэлж байна.
скачать dle 12.0