Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгчдийн жагсаалт” Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулгыг ороож эхэллээ

🕔 2022/02/14 10:50


Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэрс зарлагдаж байгаа нь Монголын улс төрчдийн багийг хуулж, бизнесийн бүлэглэлүүдийн томоохон луйврыг илчилж байна. Банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөх хүсэлгүй байгаа компаниудын нууц эзэд ил тод болж, хэн хэнээр дамжуулан, хэнийг дэмжин хичнээн тэрбумыг зээлсэн болох баримтууд ар араасаа гарч ирж байгаа нь олон нийтийн сонирхлыг татахаасаа илүү дургүйцлийг төрүүлж эхэллээ.
Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон улс төрчдийн жагсаалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх экс Ерөнхийлөгч Х.Баттулга ч тэргүүлж эхлээд байгаа юм. Л.Оюун-Эрдэнийн АН гаралтай зөвлөх Х.Баттулга хоёр ч компанийн зээлд хамааралтай болж байгааг хэвлэлүүд дэлгэж эхэлсэн.
Тэдний нэг нь “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожект” ХХК бол нөгөө нь “Пирамид-Орд” ХХК. “Нью яармаг хаусинг прожект” компани нь Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн орон сууцны корпорацид хамаарагдаж буй 300 тэрбум төгрөгөөс 21 сая ам.доллар авч “Шинэ яармаг” төслөө хэрэгжүүлсэн ч эргэн төлөлт хийгээгүй, чанаргүй, найдваргүй зээлийн ангилалд орчихсон яваа.
Одоо найдваргүй зээлд багтаачхаад байгаа 21 сая ам.доллараар  “Нью яармаг хаусинг прожект” компани Хан-Уул дүүрэгт 1500 айлын “Шинэ яармаг” хотхон барьсан. Хотхоны байруул аль хэдийн худалдаалагдаж айлууд орсон ч  “Нью яармаг хаусинг прожект” компани Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй луу унжсан. Энэ компанийн захирал нь Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын экс Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Ц.Ууганбаяр гэгч байгаа нь эргэн төлөх найдваргүй зээл Х.Баттулгатай хамааралтай болон яригдаж байна.
Х.Баттулгатай хамааралтай, Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй яваа хоёр дахь компани нь Пирамид-Орд ХХК. Тус компани 22.9 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус компанийн захирал нь Г.Цолмон. Тус компани нь зээл авахдаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын толгойлдог МоАХ-ын байр болон газрыг барьцаалсан байна.
Пирамид Орд ХХК “Буман залуус” хотхоныг барихаар 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Төслийн барилгаа Пирамид Орд өөрөө бариагүй. Барилгыг “Бесон” ХХК босгосон бөгөөд “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон Хөгжлийн банкны зээлээ ч төлөөгүй, Бесон ХХК-ийн барилгын ажлын хөлсөнд өгөх 2.2 тэрбумыг ч төлөөгүй залилсан талаар бизнес эрхлэгч Д.Батжаргал өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд авлаа.
Хөгжлийн банк нь 2010 онд байгуулагдсан. Монгол Улсын хөгжлийг тодорхойлох төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор банкны хөрөнгийг Засгийн газар бонд босгох замаар төвлөрүүлсэн нь банк дампуурсан тохиолдолд ихэвчлэн Олон улсын зах зээлээс босгосон бондын мөнгийг Засгийн газар буюу татвар төлөгчид бид төлөх ёстой болоод байгаа.
Германы гүн ухаанч Фридрих Гегель “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол улс эх орноо тонон дээрэмдэх юм” хэмээн хэлсэн байдаг. 1810-аад онд хэлсэн гүн ухаанчын энэ үг Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид болон тэдний ард ажиллаж буй улс төрчдөд зориулагдсан мэт шив шинэхэн сонсогдох аж.

https://updown.mn/182734.html
updown.mnскачать dle 12.0

Санал болгох