Авлигын хэрэгт холбогдсон Украины шүүгчийг эх оронд нь хулгайлан авчирчээ
2016 онд авлигын хэрэгт холбогдон эх орноо орхин дүрвэсэн Украйн Улсын шүүгчийг эх оронд нь хулгайлан авчирсан талаар Молдав Улсын Дотоод хэргийн сайд энэ сарын 5-ны өдөр мэдээлэв.
Шүүгч Никола Чаусыг 5 жилийн өмнө Украйны хууль сахиулах байгууллагаас 150 мянган ам.долларын хахууль авч өөрийн цэцэрлэгт нуун дарагдуулсан хэрэгт холбогдуулан буруутгаж байсан юм. Түүнийг зохиомол авлигын хэрэгт буруутгаж байна хэмээн түүний гэргий Свитлана мэдээлжээ.
Түүний өмгөөлөгч Иулиан Балан Ройтерс агентлагт өгсөн ярилцлагад “Никола Чаус нь Молдавын нутаг дэвсгэрт ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд түүний оршин суугаа газрын мэдээлэл зөвхөн тус улсын холбогдох байгууллагад байсан” хэмээн мэдээлжээ.
Хуулийн халдашгүй байдлыг нь парламентаас хүчингүй болгосны дараагаар Никола Чаус Молдав Улсад улс төрийн орогнол, тус улсын иргэншил хүсч эх орноосоо дүрвэсэн юм. Молдав Улсын төрийн байгууллага түүнд улс төрийн орогнол олгохоос өнгөрсөн сард татгалзжээ.
“... Украины шүүгч Чаус нь Молдав Улсын хилийг давж, Украин Улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн” хэмээн Дотоод хэргийн сайд Павел Войку мэдээлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас Никола Чаус болон түүний бие хамгаалагч нарын ашиглаж байсан автомашиныг олсон бөгөөд барьцаалагчид украин хэлээр ярьж байсан талаар мөн Дотоод хэргийн сайд дурджээ.
Никола Чаусыг шалгаж байсан Украины Авлигатай тэмцэх газраас тайлбар өгөхөөс татгалзсан байна. Украин Улсын олон нийтийн дунд явуулсан санал асуулгад шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл хамгийн бага байсан бөгөөд тус улсын удирдагчид шүүх байгууллагын авлигыг үндсээр нь устгах талаар мэдэгджээ. Түүнчлэн авлига нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж буй томоохон хүчин зүйл болсон байна.
2016 онд Украин Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн Засгийн газраас тус улсын улс төрчид, төрийн албан хаагчид болон шүүгчид өөрсдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим санд нээлттэй байдлаар байршуулахыг хуульчилсан байна.
Энэхүү цахим санд дурдсанаар жилийн орлого нь 10-13 мянган ам.долларын орлоготой шүүгчид өөрийн эзэмшилд өндөр үнэтэй автомашин, бугуйн цаг, их хэмжээний бэлэн мөнгөтэй талаар мэдүүлэгтэй тусгаж байсан юм.
Эх сурвалж: reuters.com