Г.Занданшатар, Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар нар Жүничи Хатторигийн компанид өөрсдийнхөө хүмүүсийг багтаасан уу
ХААН банкны хувьцааны 60 хувийг мэдэлдээ авсан цаад эзэн хэн бэ. Монголын хамгийн том банкны хувьцааг худалдаж авсан мөнгө нь цэвэр үү, бохир уу... Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Савада Холдингс” ХХК энэ сарын 01-нд Япон улсын "Мета капитал” ХХК-ийн хөрөнгө оруулалттай "Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа арилжсанаас үүдэн энэ асуулт улс төрийн хүрээнд эрчээ авч, бүлэглэлүүдийн зөрчилдөөнийг улам ширүүсгэлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Ч.Хүрэлбаатар нар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "ХААН банкин дээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй биз” хэмээн чуулганы танхимд энэ сарын 04-нд улалзуулж, Б.Лхагвасүрэн сандрахдаа "Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан” гэсэн гэрээ байхгүй. Зөвшөөрөл олгогдоогүй” хэмээн УИХ-ын гишүүдэд худлаа хэлсэн удаатай.
ХААН банк тойрсон улстөржилт ийнхүү улайсах зуур хэвлэлүүдэд Жүничи Хаттори гэдэг эрхмийн нэр ил болсон. Японы алдарт цагны брэндийг бүтээсэн "Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, "Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан түүнийг ""Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн талаар ч Монголын хэвлэлүүд мэдээлсэн.
Жүничи Хаттори хэмээх сонирхолтой намтар бүхий эрхэм 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад "Ваёо Эйрт” гэдэг компани байгуулжээ. Тус компанийг хамтран эзэмшигчид нь Буд Шандас, Окуно Рико нар. Буд Шандасын хувьд, 2018 оны аравдугаар сарын 12-нд бүртгүүлсэн бол Жүничи Хаттори, Окуно Рико нар 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр "Ваёо Эйрт” компанийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тухай мэдээлэл http://opendatalab.mn/search/573736?model=CFounder сайтад бий.
Окуно Рико гэдэг бизнес хамтрагчтайгаа "Ваёо Эйрт”, "Ваёо флорид” гэдэг хоёр ч компани байгуулсан Жүничи Хатторигийн Монголд эхлүүлсэн бизнес хронологийг хөвөрдвөл бүр ч сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Тодруулбал, ХААН банкны 60 хувийг хяналтдаа оруулсан хуйвалдааны бүлэглэлийнхэн гол технологио эндээс эхэлсэн байж мэдэхээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Савада Холдингс” ХХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн” гэдгээ албан бичгээрээ нотолсон. Үүнээс яг арав хоногийн өмнө буюу 2021 оны долдугаар сарын 16-нд Жүничи Хатторигийн байгуулсан "Ваёо флорид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монголын гурван иргэн болох Амарсайханы Даваажав, Бадрахын Наранзаяа, Раднаагийн Бадрах нарыг нэмж бүртгүүлжээ. Цаг хугацаа, үйл явдлын хувьд энэ анхаарал татах хэрэг биш үү. "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан схемийг санагдуулахгүй байна гэж үү!
Б.Гэрэл
Zaluucom.mn