АНУ-д “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөв
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга, доктор Рошель Валеньски "Pfizer/BioNTech” компанийн "COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөө мягмар гаргийн орой мэдэгдлээ. "Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэхүү вакциныг АНУ-ын 28 сая орчим хүүхдэд тарихыг зөвлөж, вакцинжуулалтын ажлыг аль болох ойрын хугацаанд эхлүүлэхийг зөвшөөрч байна” гэж тус агентлагийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Р.Валеньски хэлэхдээ, "Шинжлэх ухааны ачаар бид "COVID-19” халдварын эсрэг тэмцэлд дахин нэг алхмаар урагшилж байна. Олон сая эцэг эх хүүхдүүдээ вакцинд хамруулахыг хүсэж байгаа. Энэхүү шийдвэрийн дагуу 28 сая орчим хүүхэд "COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломж бүрдэж байна. Миний бие ээж хүний хувьд, вакцины талаар тодруулах зүйл байгаа эцэг эхчүүдэд хүүхдийн эмч, сургуулийн сувилагч, өөрт ойр эм зүйчтэйгээ ярилцаж, вакцин болон түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ "Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвлөсөн юм. Энэхүү насны хүүхдүүдэд 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буйгаас гурав дахин бага тунг тарина. АНУ-д одоогоор өсвөр насныханд "Pfizer”-ын вакциныг л хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд "Moderna”, "Johnson & Johnson Janssen”-ы вакциныг судлах ажил үргэлжилж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг