14 жил үргэлжилсэн газрын маргааны эргэн тойронд
"Өдрийн сонин”, "Зууны мэдээ" сонины 2021.09.13-ны дугаарт сэтгүүлч Б.Галааридын "Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ", 2021.09.28-ны дугаарт сэтгүүлч М.Эрдэнэчимэгийн "Хуудуутай шүүгчдийн хуйвалдаантай шийдвэрийг та слан зогсооё” нийтлэл хэвлэгдсэн. Дээрх нийтлэлтэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү МЭДЭГДЭЛ гаргаж, нэр бүхий шүүгчдэд чиглэсэн худал, гүтгэлгийн шинжтэй нийтлэл гэж дүгнэж, тус мэдээллийг нэн даруй зогсоож, залруулга хийхийг шаардсан албан тоотыг хэвлэл мэдээллийн байгууллагад руу илгээсэн. "Таны радио 103,6 фм-ийн "Хуулийн цаг” нэвтрүүлгийн шууд эфирт "Богд Асар"ХХК-ийн захирал Д.Анхжаргалыг урьж оролцуулж, "14 жил үргэлжилсэн газрын маргааны эргэн тойронд” сэдвийн хүрээнд ярилцсан ярилцлагыг эрхэм уншигч та бүхэнд бүрэн эхээр хүргэе.
-НЗХАШШ-ийн Тамгын газрын дарга Н.Батхүү мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд руу албан тоот хүргүүлж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үнэн зөв мэдээлэл хүргэх эрхийг хаан боогдуулж, дарамталж байна гэж үзсэн. Иймд энэ мэдэгдэлтэй холбоотойгоор "Богд Асар” ХХК-ийн албан ёсны байр суурийг илэрхийлнэ үү?
-"Богд Асар” ХХК 14 жилийн турш 25,0 га газар дээр маргаантай байж, шүүх, төрийн байгууллагуудад албан ёсны бичиг, эрх зүйн актуудын бүх баримтууд бидэнд бий. Манай компаниас "Зууны мэдээ” сонины 2021.10.06-ны дугаарт дээрх мэдэгдлийн хариу тайлбарыг гаргасан. Энэ мэдэгдлээс яг ямар асуудал байгааг олж унших боломжтой. Аливаа нийтлэлийг мэргэжлийн сэтгүүлчид эх сурвалжийг үндэслэж, баримтан дээр тулгуурлаж бичдэг. Эх сурвалж нь манай компанид байгаа. Сэтгүүлч Б.Галаарид "Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ” нийтлэлийг манай компаниас гаргаж өгсөн бүх баримт, материалтай танилцаад бичсэн. Сүүлд 2021.10.04-ны "Зууны мэдээ” сонинд "Шүүхийн салбарт шинэчлэл хэрэгтэйг шүүх хариу үйлдлээрээ тодхон харууллаа” нийтлэл дахин бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл НЗХАШШ-ийн Тамгын газраас нийтлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдэгдэл хүргүүлсэн нь харамсалтай. Би иргэн хүнийхээ хувьд болон компанийнхаа хувьд ХУДАЛ ЗҮЙЛИЙГ ХУДЛАА гэж баримтаар илрүүлж, олон нийтэд хандахаас өөр аргагүй болсон. Үүнээс өмнө яагаад олон нийтэд хандаагүй, энэ асуудлыг ил болгож яриагүй вэ гэхээр хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг хүлээсэн. Газрын маргаан гарч эхлэхэд 2009.12.31-нд буюу бүх нийтээр тэмдэглэдэг шинэ жилийн баярын өдөр хорооны хилийн бүсийг өөрчилсөн тушаал, захирамж гарсан. Тэр захирамжийн дагуу манай газрыг будилаантуулж эхэлсэн.
Төрийн албан хаагч С.Отгонбат 70,0 га газар анх хууль бусаар авч, дараа нь газрынхаа хэмжээг томруулж 140,0 га болгоод зогсохгүй ХУД-ийн 6, 7 дугаар хороо буюу Яармагийн замын хойд талын айлууд байрладаг газарт зориуд давхцуулан хоосон газар байгаа мэтээр будилаантуулсан.
Тэр будилааныг засахын тулд хорооны хил хязгаарыг өөрчилсөн гэдэг хардлага надад байдаг. Энэ бол дээрх маргааны гол эх үүсвэр. Яагаад төрийн албанд ажилладаг хүн эрх мэдлээ ашиглаж, 140,0 га газрыг өөртөө авдаг юм бэ? Манай компани 2006 оноос эхпэн 25,0 га газрыг эзэмшиж, НЗДТГ-тай хамтран төсөл хэрэгжүүлэхээр тус газрыг авч, Гэрээ байгуулж, Гэрчилгээ хүртэл гарчихсан байв. Гэтэл 2013 онд НЗД асан Э.Бат-Үүл: "-Төр хувийн хэвшилтэй хамтрахгүй. Та нар төсөл хэрэгжүүлэх бол өөрсдөө бие дааж хий! Харин бид газраа Дуудлага худалдаанд оруулна. Тиймээс ААН-үүд чөлөөтэй бизнес эрхлэх хүрээнд өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаж, төслөө хэрэгжүүлэхээр бол дуудлага худалдаанд орж газраа ав” гэдэг шаардлага тавьсан. Энэ шаардлагын дагуу бид 2013 онд Дуудлага худалдааны үнэ 3.3 тэрбум төгрөг төлөн 25,0 га газрыг худалдаж авсан. Бүх асуудал хэвийн явагдаж, архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлуулахаар явж байтал манай 25,0 га газрыг кадастрын бүртгэлээс хассан асуудал гарснаар маргалдаж, олон шатны шүүхээр дамжсаар 14 жилийн хугацаа өнгөрч байна.
-Та бүхэн гурван шатны шүүх, АТГ, ТЕГ болон Шүүхийн ёс зүйн хороонд хүртэл хандсан. Энэ хооронд "Туурайн төвөргөөн” ХХК нь"Мон сорс” ХХК-д нийт 5,0 га газар зарж, барилга баригдсан асуудал байдаг.
-Бидэнд маш олон захирамжууд байна. Шүүх хурал болж байгаа, асуудал эцэслэгдээгүй байхад манай газраас 2,0 га газар нь зарагдчихсан. Зарагдсаныг нь бид мэдээгүй. Иргэн хүнд олгож буй 0.07 га газраа ч би авч чадаагүй байхад маргаантай газраас 2,0 га газрыг хэрхэн яаж зарсан байх вэ? Би энэ асуудал дээр 60 тэрбумын схемийг зохиосон гэгдэх Ц.Сандуйг нэрлэмээр байна. Энэ хүн эхнээсээ Газрын албанд ажиллаж байсан, кадастрын албаны дарга байсан, НИТХ-ын дарга байсан гэхээр энэ хүн 60 тэрбумын схемийг зохиосон шигээ энэ бүх процессыг удирдсан. Энэ хардлага бол надад маш эрт тогтсон. Бүх бичиг баримтуудыг харахаар энэ бүх дүр зураг гарч ирдэг. Энэ хүний "Мон сорс” ХХК-д зарсан 5,0 га газрын 2,0 га нь манай газар байдэг. Тэр газарт бид, -Барилга бариулахгүй, яагаад та нар ингэж байгаа юм гэхэд эхэндээ цаад компани гайхаж, -Долоо хоногийн дараа уулзахаар болсон ч сүүлдээ зугатсан. Эхэндээ биднийг уулзахад -Ямар сонин юм бэ? гэж гайхсан хүмүүс дараа нь биднийг өмгөөлөгчтэйгөө очиход, "-Энэ газар манайх. Манайх "Туурайн төвөргөөн” ХХК-ийн охин компани” гэсэн. Сүүлд шүүх хурлаар "Мон сорс” ХХК "Туурайн төвөргөөн” компаний охин компани биш гэдгийг нотолсон.
-Дуудлага худалдааны анхны үнэ 3.3 тэрбум төгрөгийг танай компаниас төлсөн. 14 жилийн хугацааны өмнөх 3.3 тэрбум төфөг өнөөдөр хэдэн төгрөг болсон байх вэ? Мэдээж ханшийн зөрүү маш их гарна.
-Би мөнгөтэй хүн байгаад 3.3 тэрбум төгрөгийг банкинд хадгалуулахад энэ мөнгө хүүгийн хүү гэж бодохоор ойролцоогоор 7 тэрбум төгрөг болж байналээ. Хэрвээ алданги тооцоод явбал 17 тэрбум төгрөг ч хүрэх боломжтой. Бид өөрсдөө хийвэл хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, хэчнээн хүнийг ажлын байраар хангаад, ямар хөгжил явах байсан бэ?. Гэтэл энэ бүгдийг зогсоосон. Сонгууль болохоор газрын үнэ автоматаар өсдөг. Гэтэл 2020 оны сонгуулиар манай компанийн мөнгийг нь төлөөд худалдаж авсан 25,0 га газар зарагдана гээд үл хөдлөхийн салбарт явж байсан. Бид үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт байдаг хүмүүс энэ мэдээллийг маш хурдан олж авна. Худалдаж авсан газрыг маань буцаагаад бидэнд 1,0 га газрыг нь 1.3 тэрбум төгрөгөөр худалдаж авахыг санал болгож байсан гээд бод доо!!! НЗД асан, одоогийн шадар сайд С.Амарсайханы туслах н.Бат-Оргил манай газрыг санал болгосон бүх баримт нотолгоо бидэнд мэйл хаяг, видео бичлэгээрээ байна. Удахгүй дэлгэнэ.
-Шүүгчдийн нэр хүнд, ажил хэргийн алдар хүндэд халдсан гэж шүүхийн мэдэгдэлд дурдсан боловч миний өмнө Шүүгчийн ёс зүйн хорооны 53 тоот магадлал байна. Үүнийг та тайлбарлаж өгөөч?
-Шүүгчдийг үндэслэлгүйгээр гүтгэж, нэр хүндэд нь халдсан гэж дээрх мэдэгдэлд дурдсан байсан. Гэтэл энд ямар ч үндэслэлгүй, худлаа зүйл огт байхгүй. НЗХАШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэн манай хэргийг шүүж байхдаа шүүх хуралд болсон процесс, бидэнд хандаж буй хандлага, яриа зэрэг байдлууд нь илэрхий нөгөө таг үйлчилж байна гэдгийг бид мэдэрсэн, үүнийгээ ч хэлсэн. Шүүх хурлын протоколд батлагдсан баримтуудыг Шүүгчийн ёс зүйн хороонд өгсөн.
Шүүгчийн ёс зүйн хорооны 2021.03.31-ний 53 дугаар МАГАДЛАЛД "...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ТМ2019/1931 тоот "Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТЭМДЭГЛЭЛ, референт Ж.Халиуны 128/ ТМ2019/1931 тоот "Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ШҮҮХ ХУРАЛДААНЫ БИЧЛЭГ ЗӨРҮҮТЭЙ БАЙГАА НЬ ТОГТООГДОЖ БАЙНА” гэж дүгнэсэн.
Энэ бол бодит байдал дээр ярьсан яриаг засчихсан гэсэн үг. Бид үүнийг бүгдийг баримтжуулж өгсөн. Шүүгчийн ёс зүйн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолд ямар ямар үндэслэлүүдийг зөрчсөн гэдгийг маш тодорхой гаргасан. Үүнд: "... шүүгч Н.Долгорсүрэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.6-д "шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасныг зөрчсөн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д "Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна", 3.3 дугаар зүйлийн 1-д "... шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй”, 3.3 дугаар зүйлийн 2-д "Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчээс татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж зайлсхийнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж нийт гишүүдийн хуралдаанаас үзсэн бөгөөд шүүгч Н.Долгорсүрэнгийн үйлдэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ёс зүйн зөрчилд тооцогдох бөгөөд түүнд сахилгын шийтгэл оноох үндэслэлтэй боловч мөн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "...ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэж заасан тул шүүгч Н.Долгорсүрэнд сахилгын шийтгэл оноох боломжгүй байна” гэчихсэн байдаг. Шүүгчийн ёс зүйн дүрэм нь ийм их зөрчилтэй. Энэ хүн зөрчил гаргачихсан байгаа биз дээ.
Манай компани Н.Долгорсүрэн шүүгчээс 2-3 удаа татгалзахад НЗХАШШ-ийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хүртэл Манайд энэ хүнээс өөр хүн байхгүй” гээд заавал манай хэрэг дээр Н.Долгорсүрэн шүүгч орж ирдэг жишиг тогтчихсон нь эмгэнэлтэй. Би нэг жишээ ярья. Шүүх хурал дээр хариуцагчийг төлөөлсөн этгээд шүүх хурал дуусаад шүүх хурлын танхимаас хүмүүс гарч байх зуур Танай хоёр компани удаан маргалдаж явж байхаар тохиролцож болдоггүй юм уу?” гэж асуухад цаанаас нь Н.Долгорсүрэн шүүгч "-Тийм шүү дээ, танайх "Туурайн төвөргөөн” ХХК-ийн газраас хамааралгүйгээр, тэдний эрх ашгийг нь зөрчихгүйгээр тохиролцчихооч” гэсэн утгатай зүйлийг хэлж байсан. Энэ бол маш том ёс зүйн зөрчил. Энэ үтйг сонсоод маш их эмзэглэлтэй явж байгаа бид хүндээр хүлээж авна биз дээ. Үүнээс гадна шүүх хурлын үеэр чиглүүлсэн үйл ажиллагаа явуулдаг гээд ар араасаа ёс зүйн зөрчил гаргасаар байгаа ёс зүйгүй энэ шүүгчид өнөөдөр Шүүгчийн ёс зүйн хорооны дүрэм дээрээ хөөн хэлэлцэх хугацаагаар нь хариуцлагаас мултрах байдлыг бий болгочихсон байгаад бухимдаж байна.
-"Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатараас Н.Долгорсүрэн шүүгч орон сууц авсан асуудал байдаг. Энэ талаар...
-Бид энэ асуудлыг мөн Шүүгчийн ёс зүйн хороонд өгсөн. Найзууд гэж ярьдаг энэ хүнээс байр авсан гэхээр -Би шүүгч болохоосоо өмнө авсан гэдэг. Гэхдээ шүүхийн байгууллагад ажиллаж байсан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй асуудал. Шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй бол Шүүхийн тухай хуульд зааснаар татгалзах ёстой. Бид хуулийн мэргэжилгүй жирийн иргэд. Гэтэл өөрийн бие дээр ийм асуудал тохиолдохоор ойлгож эхэлсэн. Шүүх байгууллагад шударга ёс хэрэгтэй, шударга бусын хонгил байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Энэ хонгилыг байхгүй болгох талаар мэргэжлийн сэтгүүлчид та бүхэн дуу хоолойгоо хүргээч гэж хүсье. 14 жилийн хугацаанд над шиг хохирсон ААН-үүд тааралдаж, НЗДТГ, Газрын алба, Шүүхийн үүдэнд хүлээгээд сууж байхдаа бид хоорондоо ярилцаад өнгөрдөг. Тиймээс зүгээр ярилцаад өнгөрмөөргүй байна. Бид үүнийг залруулмаар байна. Монгол Улсын Шүүхийн байгууллага болон шүүгчдийн ёс зүйг сайжруулахын тулд хуулийн шинэчлэлийг хиймээр байна. Бид амар тайван, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бизнесээ явуулмаар байна. Шударга, зөв явмаар байна.
Сэтгүүлч М.ЭРДЭНЭЧИМЭГ