Японд өндөр настнуудыг ирэх оноос вакцины нэмэлт тунд хамруулна
🕔 2021/09/22 13:26
Японд “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг өндөр настнуудад ирэх оны эхэн үеэс тарьж эхэлнэ гэж тус улсын Вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Коно Таро мягмар гарагт мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эсрэг биетүүдийн халдварт өвчнөөс хамгаалах хугацааг харгалзан хоёр тунг хийлгэснээс наад зах нь найман сарын дараа нэмэлт тунг тарих шийдвэр гаргасан юм.
Японы эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувьд хамгийн эхэнд буюу хоёрдугаар сараас эхлэн вакцинд хамрагдсан тул энэ ондоо нэмэлт тунг хийлгэх төлөвтэй байгааг К.Таро хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Тийнхүү Вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд вакцины гурав дахь тунд өндөр настнуудыг жигд хамруулах бэлтгэл ажлыг эхлүүлэхийг орон нутгийн засаг захиргаадад уриалсан байна.
Нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорьж байгаатай холбоотойгоор АНУ тэргүүтэй дэлхийн олон улс орон иргэдээ нэмэлт тунд хамруулахаар бэлтгэж байгаа ч ДЭМБ-ын хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаагаа ядуу буурай орнуудыг иргэдийг вакцинжуулах хүртэл хойшлуулахыг уриалж байгаа билээ.
скачать dle 12.0