АИ-92 шатахууны ТАВАН өдрийн нөөцийг ДОЛОО хоногийн хугацаанд татан авчээ

🕔 2021/09/21 17:14
Ерөнхий сайд өнөөдөр /2021.09.21/  шатахуун  импортлогчидтой уулзалт хийж байна гэсэн мэдээллийг Засгийн газраас өгсөн. Тэгвэл УУХҮЯ болон холбогдох байгууллагуудаас  шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх станцууд АИ-92, АИ-95 автобензиний борлуулалтдаа  квот тогтоох, шатахуун дууссан хэмээн мэдэгдэх зэргээр нөөцтэй холбоотой асуудал гол сэдэв болоод буй. 
Ашигт малтмал, газрын тосны газраас есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар өгсөн мэдээллээр өнөөдрөөс долоо хоногийн өмнө улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байсан.Тэгвэл өнөөдөр өгч буй мэдээллээр улсын хэмжээнд шатахууны нөөц хоёр өдрөөр буурч, 26 хоногийн нөөцтэй болжээ. 

 
Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд: 
  • Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2,559 тн, Аи-92 автоензин 5,205 тн, дизелийн түлш 13,908 тн,  шингэрүүлсэн шатдаг хий 318 тн, бусад бүтээгдэхүүн , 551 тн, нийт 22,542 тн
  • Эрээнцав боомтоор А-80 автобензин 60 тн, дизелийн түлш 601 тн, нийт 661 тн
  • Боршоо боомтоор Аи-92 автобензин 424 тн, дизелийн түлш 337 тн, нийт 761  тн,
  • Цагааннуур боомтоор А-80 автобензин 99 тн, Аи-92 автобензин 512 тн, дизелийн түлш 879 тн, нийт 1,490 тн
  • Монгол Улсад нийт 25,454 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн. 
Тэгвэл  есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд: 
  • Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2,468 тн, Аи-92 автобензин 4,186 тн, дизелийн түлш 19,061 тн,  ТС-1 377 тонн, шингэрүүлсэн шатдаг хий 1 тн, бусад бүтээгдэхүүн 3,964 тн, нийт 30,057 тн
  • Эрээнцав боомтоор А-80 автобензин 61 тн, Аи-92 автобензин 61  тонн, дизелийн түлш 240 тн, нийт 362 тн
  • Боршоо боомтоор Аи-92 автобензин 446 тн, дизелийн түлш 327 тн, нийт 772  тн
  • Цагааннуур боомтоор А-80 автобензин 56 тн, Аи-92 автобензин 589 тн, дизелийн түлш 524 тн, нийт 1,170 тн
  • Замын-Үүд боомтоор  Аи-92 автобензин 1,637 тн, бусад бүтээгдэхүүн 304 тн, нийт 1,941 тн
  • Монгол Улсад нийт 34,302 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

 
Ердийн үед  Улаанбаатар хотын хэрэглэгчид нэг сарын хугацаанд 30 мянга орчим тн буюу нэг өдөрт 1000 орчим тн АИ-92 автобензин хэрэглэдэг аж.
Тэгэхээр энэ сарын 7-14-ний өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд дээрх боомтуудаар импортоор орж ирсэн АИ-92 автобензин нийслэлчүүдийн ЗУРГААН өдрийн хэрэглээг хангахуйц хэмжээтэй байсан бол 13-19-ний өдрийг хүртлэх хугацаанд орж ирсэн АИ-92 автобензиний хэмжээ 1000 гаруй тонноор өссөн үзүүлэлттэй байна.
Гэхдээ уг хэмжээг тооцохдоо  өмнөх долоо хоногийн импортын хэмжээг тооцохдоо оруулсан 13-14-ний өдрүүдийг мөн багтаасан байгааг анзаарах ёстой. 
Одоогийн нөхцөл байдлаар  Улаанбаатарчууд нэг сарын хэрэглээгээ хангахуйц хэмжээний шатахууныг нэг долоо хоногийн дотор худалдан авч, эрэлт огцом өссөн гэсэн мэдээлэл байна.
Ер нь бол шатахууны үнээс  гадна нөөцийн асуудал гол сэдэв болохоор байгаа нь өнгөрсөн долоодугаар сарын сүүлээрх үйл явдлуудаас харагдаж байсан билээ.
ОХУ-ын Засгийн газраас нефтийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хязгаарлах асуудалд анхаарал хандуулж, АИ-92 автобензинийг наймдугаар сард нийлүүлж чадахгүй байх гэсэн мэдээллийг манай талд өгснийг АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр долоодугаар сарын сүүлээр мэдэгдэж байсан.
Хэдийгээр тус улс  шатахууны нийлүүлэлтээ  бүрэн зогсоогоогүй ч, тодорхой лимит тогтоогоод байсан. Засгийн газрын зүгээс долоодугаар сард мэдэгдэж байсанчлан БНХАУ-аас шатахуун авах зэрэг асуудлуудаа дорвитой шийдвэрлэх шаардлагатай байсан.
Харин өнөөдөр УУХҮЯ-наас  өгч буй мэдээллээр ОХУ АИ-92 автобензиний нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зогсоохоор болсон бөгөөд БНХАУ-аас шатахуун импортоор татан авахад төмөр замын тээврийн асуудлын улмаас саатжээ. 
скачать dle 12.0

Санал болгох