Найранд оролцсон эгч дүү настнууд халдвар авч, ХӨСҮТ-д сэхээнд оржээ
Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихгүй байгаагаас гадна хурим найраас халдвар хамгийн их тархаж байгааг албаны хүмүүс мэдээлж байна.
Тодруулбал, 60-70 насны эгч дүү 3 настан найранд оролцож, халдвар аван, ХӨСҮТ-д сэхээнд орсон хэрэг гарчээ. Мөн Булган аймаг Баян-Агт суманд хурим болж 20 гаруй иргэд халдвар авсан байна. Энэ сарын 22-нд буюу намрын дунд сарын шинийн 17-нд сайн өдөр тул иргэд хурим найр, найр наадам хийлгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
Түүнчлэн орой үдшийн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн их, баар кафед битүү бөөгнөрөл үүсч байгаа учир ХӨСҮТ болон Эрдэмтдийн зөвлөлөөс 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн юм. Учир нь 22.00 цагаас хойш халдвар хамгааллын дэглэм ихээр зөрчигдөж байгаа. Орой үдэш гардаггүй иргэд мэддэггүй байж болох ч 22.00 цагаас хойш Улаанбаатар хотод маскгүй согтуурсан иргэд маш ихээр зорчиж халдвар тарааж байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Улмаар үйлчилгээний газруудаас халдвар авсан иргэд 12 наснаас доошхи вакцингүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнуудад халдварыг тараасан тохиолдлууд гарсаар байна.
Мөн халдварын тоо нэмэгдэх хэрээр эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал нэмэгдэж, резидент эмч нар дайчлагдан ажиллахаас татгалзаж байгаа аж. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, болгоомжтой байхыг анхааруулж байна.