Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

🕔 2021/08/24 14:20

Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр энэ нь улам бүр идэвхэждэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш бөгөөд дэлхийн томоохон хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй, үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад л, Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн. Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн бөгөөд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж  нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж, 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна.
Улаанбаатар хотын хүн ам /2010-2020 он/
Авто замын урт
 Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд тус тус хэрэгжүүлж эхэлсэн. Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх орнууд нь шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог. Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг. Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана. Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ.

Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах гэх мэт байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрд олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж, Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд 6 км цаг болж, явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Ийм ч учраас Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна.
Дэлхийн хотуудын туршлага
Он
Хот
Квот
Гүйцэтгэл
Үр дүн
1990
Сингапур
Авто замын тогтвортой хөгжлийн дагуу тодорхой хэмжээгээр олгогддог
Хагас сар тутамд дуудлага худалдаагаар дугаар олгоно
Жил бүрийн тээврийн хэрэгслийн өсөлтийг 3% болгосон
1994
Шанхай
100,000
Сар бүр дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ өгсөн хэрэглэгчид
Бээжингийн тээврийн хэрэгслийн өсөлтийн 1/2-тэй тэнцэх хүртэл багасгасан
2011
Бээжин
240,000
Жил бүр лотто хэлбэрээр сонгон шалгаруулна
2010 онд 790,000-аар нэмэгдсэн ба 2011 онд 173,000 болсон


 
скачать dle 12.0

Санал болгох