Залуучуудын ДАШТ-нээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ
🕔 2021/08/20 08:55
Бөхийн төрлийн 2021 оны залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ ОХУ-ын Уфа хотод 4 дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польш улсын Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан юм. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв.