Өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн тоо 24 хувиар буурчээ

🕔 2021/07/02 16:59
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний зургаан сард нийт 10595 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 6715 хэрэг буюу 63.4, орон нутагт 3868 хэрэг буюу 36.5, хилийн чанадад 12 хэрэг буюу 0.1 хувь нь бүртгэгджээ.
Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд нийт 3348 хэрэг буюу 24 хувиар, Улаанбаатар хотын хэмжээнд 2349 хэрэг буюу 24.9 хувиар, орон нутгийн хэмжээнд 998 хэрэг буюу 20.5 хувиар, хилийн чанадад нэг хэрэг буюу 7.7 хувиар буурсан байна.
Түүнчлэн бүсчилсэн байдлаар авч үзвэл Увс, Завхан, Говь-Алтай аймагт гэмт хэрэг өссөн бол бусад аймагт буурсан байна. Харин нийслэлийн есөн дүүрэгт өнгөрөгч 2020 оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн гаралт 3348 хэрэг буюу 24 хувиар буурчээ.
Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн 10595 хэргийг гэмт хэргийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 19.6, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5.5, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8.8, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 36.4 хувиар буурсан байна.
Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний зургаан сард бүртгэгдсэн нийт 10595 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5227 буюу 49.3, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3469 буюу 32.7, бусад төрлийн гэмт хэрэг 1899 буюу 18 хувийг эзэлж байна.

скачать dle 12.0

Санал болгох