Номын баярыг зохион байгуулагчид Улаанбаатарыг "Дэлхийн номын нийслэл" болгохоор зорьж байна
29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж байна. Номын баярыг НЗДТГ дэмжин, хамтран зохион байгуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар номын баярын үеэр зохиолчидтой уулзаж, ном худалдан авсан юм. Энэ үеэр зохиолчид Улаанбаатарын яруу найргийн наадмыг уламжлал болгон зохион байгуулах санал хэлж, номын баярт оролцож байгаа анхны Хотын дарга болж байна гэдгийг онцолж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монголчууд номыг эрхэмлэдэг, дээдэлдэг уламжлалтай ард түмэн. 29 дэх удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, зохион байгууллаа. Нийслэлийн иргэд арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцож байгаад баяртай байна. Номын арга хэмжээг цаашид байнга дэмжинэ” гэлээ.
Мөн зохион байгуулагчид Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж, ажиллаж байгаагаа хэлж байсан юм. “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Энэ удаагийн номын баяр цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байна. Өглөө бүр ариутгалын компани бүх асрыг ариутгахаас гадна асар бүрд ариутгалын бодис байрлуулж, халуун хэмжиж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхад анхаарсан. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан НЗДТГ болон нийслэлийн удирдлагууддаа баярлалаа” хэмээн ярив.