Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино

🕔 2021/06/11 12:55

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.   
-Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна.
-Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ?
-Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн.
-Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.
-Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ?
-Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн.
-Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ?
-Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.
-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах "Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
скачать dle 12.0

Санал болгох