Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай

🕔 2021/03/25 13:57

 
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 90 буюу 27.8 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэртэй танилцах хүсэлт эзэлж байна. Мөн 46 буюу 14.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ. 
 
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин нь таныг "Ковид-19"-өөр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.
-Хүүхдэд "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийх үү?-Үгүй. Хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэл зүйн туршилт, судалгаанууд хийж эхэлж байгаа.
-Вакцин хийлгэснээр ямар нэг гэмтэл үүсэх үү?-Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдвар авсан гэсэн үг биш. Харин таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
скачать dle 12.0

Санал болгох