Биткойны ханш унах болсон шалтгаан
ЛОНДОН. /BBC/.Хятадын Засгийн газар криптовалютын худалдаанд хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор биткойны үнэ лхагва гаргийн арилжааны явцад 34 мянган ам.доллароос доошилжээ.
Тийнхүү доошилсон нь сүүлийн саруудад тохиосон хамгийн эрчтэй уналт болжээ. Дараа нь биткойны ханш өсөж, 40 мянган ам.долларт хүрсэн байна.
Хятадын эрх баригчид даваа гарагт криптовалюттай холбоотой үйлчилгээ үзүүлэхийг санхүүгийн байгууллага, компаниудад хориглож, эрсдэлтэй арилжаа аюултай гэдгийг хөрөнгө оруулагчдад анхааруулсан юм.
Түүнчлэн компани нь автомашин худалдаалахдаа дахин биткойноор гүйлгээ хийхгүй гэж “Tesla”-гийн тэргүүн Илон Маск мэдэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт биткойны ханш 10 орчим хувиар буурсан. Харин И.Маскын компанид 1.5 тэрбум ам.долларын криптовалютын нөөц үлджээ.
Лхагва гарагт биткойны ханшийн үзүүлэлт өнгөрсөн оны 3 дугаар сараас хойших хамгийн хүчтэй уналт болсон байна. Тодруулбал, арилжааны явцад биткойны ханш 30 орчим хувиар унасан тохиолдол гарчээ. Үүнээс гадна “Etherium”, “Dogecoin” зэрэг бусад криптовалютын ханш 25 болон 29 хувиар тус бүр буурсан байна.
Хятадаас үзүүлэх шахалт
Хятад улс 2019 оноос криптовалютын худалдааг хориглож, үүнийгээмөнгө угаахтай тэмцэх явдалтай холбон тайлбарлажээ. Гэсэн ч биткойнтой гүйлгээ интернетэд хийгдсээр байсанд эрх баригчид сэтгэл хангалуун бус байв.
Хятадын Үндэсний интернет санхүүгийн нийгэмлэг, Хятадын Банкны Холбоо, Төлбөр тооцооны нийгэмлэг гэсэн гурван байгууллага мягмар гарагт олон нийтийн сүлжээнд анхааруулга өгчээ.
Хэрэглэгчид криптовалюттай холбогдож, хохирол амсбал хэн ч хохирлыг нь барагдуулахгүй хэмээн уг анхааруулгад дурдсан байна. Түүнчлэн криптовалютын зах зээлийн хэлбэлзэл хөрөнгийн аюулгүй байдалд аюул учруулж, эдийн засаг, санхүүгийн хэв журам, тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэдгийг төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад сануулжээ.
“Хятад улс крипто орон зайд хэсэгтээ шахалт үзүүлж байсан ч энэ бүхэн нь улам даамжирч байна. Үндэсний банкууд өөрсдийн цахим валютыг бий болгох чиглэлд шилжихийн хэрээр улс орнууд Хятадын жишгийг дагаж магадгүй юм. Өнөөг хүртэл өрнөдийн орнууд биткойныг харьцангуй тайвнаар хүлээж авч байсан ч удахгүй энэ бүхэн ч өөрчлөгдөж магадгүй байна” хэмээн “markets.com”-ын шинжээч Нил Уилсон ярьсан байна.
Илон Маск бодлоо өөрчилсөн нь
Компани автомашины төлбөр тооцоог биткойноор хүлээж авна гэж “Tesla”-гийн тэргүүн Илон Маск 3 дугаар сарын эхээр мэдэгдсэн билээ. Түүгээр ч зогсохгүй цахим валютад тэрбээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
Гэсэн ч биткойноор тооцоо хийхээс татгалзаж буйгаа И.Маск өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, энэ байдлаараа криптовалют хүрээлэн буй орчинд аюул учруулна гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргалаа гэж тайлбарлажээ.
“Биткойныг олборлох, гүйлгээнд оруулахын тулд органик эрчим хүчний эх үүсвэр тэр дундаа нүүрс улам их хэрэглэгдэнэ гэдэгт бид санаа зовж байна. Криптовалют бол сайхан санаа хэдий ч хүрээлэн буй орчинд ихээхэн хохирол учруулах хэмжээний үнэ цэнтэй биш” хэмээн И.Маск мэдэгдсэн байна.
“Twitter” хуудсандаа тэрбээр ингэж бичсэний дараа “Tesla”-гийн хувьцаа унасан ч биткойны ханш мөн 10 орчим хувиар буурсан байна.