С.Баярцогтыг хорихоор болж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг суллав

🕔 2021/05/20 10:50


Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим Сангийн сайд асан С.Бямбацогт нарын таван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорих ял оноож, 1.3 сая ам.долларыг улсын төсөвт шилжүүлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр байхаар болов. Харин Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Учир нь уг дөрвөн хүний үйлдэл 2015 онд гарч, түүнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тул ийнхүү суллахаар болсон байна.
скачать dle 12.0

Санал болгох