Салхитын мөнгөний ордын гэх хэргээр Ш.Мөнгөншагай нарт шүүхээс ял оноолоо

🕔 2020/05/26 14:44

Салхитын мөнгөний ордын гэх хэргээр Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат танилцууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.5-1 /хахууль өгөх/, 22.4-2.4 /хахууль авах/ , 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1 /хээл хахууль авах/ 269.1 /хээл хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-ны өдрөөс 22-ны өдрүүдэд хянан хэлэлцжээ. 

Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /гэмт хэргийн шинжгүй/ зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.

Харин шүүгдэгч Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар, 

Шүүгдэгч Г.Жаргалангийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Г.Алтан-Очирыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдлээр нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 50.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,

Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай үгсэн тохиролцож бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөнд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох,

Шүүгдэгч Э.Халиунбаярын өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Н.Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулан хахууль өгсөн үйлдэлд нь 2 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

Шүүгдэгч Ж.Цэцэгээг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан үйлдэлд гэм буруутайд тооцож тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчдийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Амгаланбаярыг төрийн байгууллага албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Цэндсүрэнд хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутайд тус тус тооцож, Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт /Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Амгаланбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон 45.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор болжээ.

Харин шүүгдэгч С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Пүрэвням, Ц.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгүүлэхээр, шүүгдэгч Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа.

Мөн шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжлэх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие муудаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй нөхцөл үүсэнтэй холбоотойгоор Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс хураасан 140.000 ам.доллар, нийт 1.445.200 ам.долларыг улсыг орлого болгохоор шийдвэрлэлээ.

скачать dle 12.0

Санал болгох