Амбааг амраахгүй нь
Цар тахал дэлхий нийтэд тархаж, Монгол Улс ч хариу арга хэмжээ авч эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэвлэлийн хуралд тогтмол оролцож, коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг байсан. Тэрбээр зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албыг удирдан чиглүүлж байсан юм. Ингээд 2021 оны гуравдугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарсан ч түүнийг амраахгүй нь бололтой. Учир нь тэрбээр ирэх долоо хоногоос Эрүүл мэндийн яаманд зөвлөн туслах чиглэлээр ажиллахаар болжээ.
Өдөр бүр ямар ч амралтгүй, цаг наргүй ажиллана гэдэг гавьяаны амралтад гарах дөхсөн Амбаа докторт чанга байсан ч тэрбээр гомдоллохгүй иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож чадсан билээ. Түүний талаар товчхон мэдээлэл дуулгахад эрүүл мэндийн салбарт 38 жил ажилласан.
Анх хөдөлмөрийн гараагаа Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Ариун цэвэр халдвар судлалын станцаас эхэлсэн. Орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагч, дарга удирдлагыг нь хийж, 24 жил ажилласан. Улаанбаатар хотод ирээд ХӨСҮТ-д ороод 13 дах жилдээ ажилласан ба ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар 11 жил ажиллажээ.
Тэрбээр цар тахлын үед өглөөний 07:00 цагт ажил дээрээ очиж, зарим үед 22:30 цаг хүртэл ажилладаг байсан байна.