Clubhouse удахгүй Android дээр танилцуулагдана

🕔 2021/02/15 10:41
Сүүлийн үед “Clubhouse” хэмээх сошиал хэрэглүүрийг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна. Зөвхөн урилгаар хэрэглэгч нь болдог энэхүү аудио-чат хэрэглүүр нь анх 2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийж, өдгөө зургаан сая гаруй хэрэглэгчидтэй болжээ. Гагцхүү ганц сул тал байгаа нь "Clubhouse"-ийг одоогоор зөвхөн "IOS" үйлдлийн системтэй "iPhone" гар утастай хүмүүс л хэрэглэх боломжтой.

Тэгвэл "Clubhouse"-ийг хөгжүүлэгч "Alpha Exploration Co." компанийн зүгээс удахгүй бүтээгдэхүүнээ Android хэрэглэгчдэд хүргэхээ мэдэгдлээ. Тус компанийн блог хуудаснаа “Анхнаасаа л бид энэхүү бүтээгдэхүүнээ хүн бүр хэрэглэж болохоор бүтээхийг хүссэн. Үүнийг бодолцон бид илүү дэвшилтэт, олон боломжит бүхий "Android" хэрэглүүрээ удахгүй танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст "Clubhouse"-ийг мэдрүүлэхийг зорино” хэмээж, хэзээ яг "Android" үйлдлийн систем дээр нээлтээ хийх огноогоо зарлаагүй аж.
"Clubhouse"-аас гадна "Snapchat", "Instagram", "Path" хэмээх хэрэглүүрүүд ч анхандаа зөвхөн "IOS" үйлдлийн систем дээр танилцуулагдаж байсан түүхтэй. Шалтгаан нь харилцан адилгүй бөгөөд "Snapchat" л гэхэд "IOS" үйлдлийн системтэй төхөөрөмжүүдийн камерын чадалд зориулагдаж байжээ.
 
Технологийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "iPhone" гар утасны микрофоны чанар сайн учир "Clubhouse" эхлээд "iPhone" дээр нээлтээ хийсэн гэв.
2020 онд байгуулагдсан "Alpha Exploration Co." старт-ап компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум ам.долларт хүрчээ. Анх "Andreessen Horowitz" хэмээх технологийн салбарын старт-ап компаниудад хөрөнгө оруулалт хийдэг фирмийн зүгээс "Alpha Exploration Co." компанид 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан аж.

скачать dle 12.0

Санал болгох