СӨҮЛ ХОТЫН ДАРГА ПАК ВОН СҮН ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

🕔 2016/04/05 10:50
Хэдэн мянган жилийн турш онгон дагшин байдлаа хадгалсаар ирсэн Монгол нутаг, гариг эрхэсийн түмэн одод харагдах тал нутаг одоо ч сэтгэлд тодхон. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон зүүн хойд азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан "Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад айлчилсан билээ.


Улаанбаатар, Сөүл хотууд агаарын бохирдлыг багасгаж, агаарын чанарыг сайжруулахын тулд нарийн ширхэгт тоосонцорын эсрэг хамтдаа тэмцэхээр харилцан амлалт өгч, олон улсын хамтын ажиллагааг эхлүүлсэн анхны хотууд болсон юм.

Сөүл хот иргэдийнхээ эрүүл мэндэд шууд нөлөөлөх агаарын бохирдлыг арилгаж, чанарыг сайжруулахын тулд олон бодлогыг тууштайгаар хэрэгжүүлж байна. Гэвч бид Сөүл хотод тулгамдаж буй шороо, нарийн ширхэгт тоосонцорын үндсийг шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэл, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт явагдаж буй Монгол, Хятад зэрэг зүүн хойд азийн орнуудтай хамтран ажиллах шаадлагатай.

Монголд цөлжилт явагдаж байгаа нь зөвхөн Монгол улсын асуудал биш юм. Энэ бол дэлхий дээр амьдарч буй бүх хүн төрөлхтний асуудал юм. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн дулаарал, цөлжилт, атомын цахилгаан станцын осол гэх зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л асуудал байгаль дэлхийгээс бус хүн төрөлхтөн биднээс эхтэй асуудал учраас тэр билээ.

Одоо уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудал аль нэг улс, хот, аймаг, сумын асуудал биш болсон. Монголд цөлжилт явагдан, Хятадад шар шороон шуурга шуурч, хойд мөсөн туйл хайлан  цагаан баавгай устах эрсдэлд ороод байгаа энэ үед Сөүл хот ганц хором ч гар хумхин суух эрхгүй. Эдгээр асуудал зүүн хойд азийн хотуудын асуудлаас аль хэдийн хальж, дэлхий дээр оршин буй бүх хүний өмнө тулгамдсан асуудал төдийгүй бидний ирээдүйтэй холбоотой юм.

Сөүл хот юуны өмнө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн эхний арга нь эрчим хүчний хэрэглээг багасгах явдал мөн гэж үзсэн. 2011 оны Японд болсон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол энэ шийдвэрийг улам илүү бататгаж өгсөн юм.

Сөүл хот иргэдийнхээ оролцоотойгоор нэг атомын цахилгаан станцтай дүйцэх хэмжээний эрчим хүчний хэмнэлт гаргах, нарны эрчим хүчний үүсгүүр гэх зэрэг шинээр дахин боловсруулах боломжтой эрчим хүч боловсруулах зорилгоор "Атомын цахилгаан станцыг нэгээр багасгая” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Иргэд маань гэр, сургууль дээрээ нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулахад идэвхтэй оролцож, нарны эрчим хүчний станц барихад оролцсон юм. Эрчим хүчний хэмнэлттэй холбоотойгоор иргэдэд урамшуулал олгодог ‘ecomileage’ хөтөлбөрт Сөүл хотын иргэдийн 1/6-ээс илүү буюу нэг сая долоон зуун мянган иргэн нэгдэн орсон. Одоо айл өрх, сургууль, ажлын газартаа эрчим хүчээ хэмнэх нь амьдралын хэмнэлийн нэг болжээ. 2014 оны 6 сар гэхэд иргэдийнхээ идэвхийлэн оролцсон оролцооны үр дүнд анх төлөвлөж байсан хугацаанаас 6 сарын өмнө 2 сая TOE эрчим хүч хэмнэх төлөвлөгөөгөө биелүүлж чадсан. Мөн 2,5%-аас хэтэрдэггүй байсан эрчим хүчний хэмнэлтийн үзүүлэлт 4,5% хүртлээ өссөн.

2014 оноос хойш хэрэгжүүлж буй "Атомын цахилгаан станцыг нэгээр багасгая - 2” хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Сөүл хотын эрчим хүчний хэмнэлт 20% хүртэл өсч, 4 сая TOE эрчим хүчийг хэмнэн, 10 сая тонн хүлэмжийн хийг хорогдуулах хэмжээний үр дүнд хүрэх юм. Юу юунаас илүүтэйгээр бид илүү олон хот, улс орнуудад манай оронд өрнөж буй өөрчлөлт мөн адил гараасай хэмээн хүсч байна. Тиймээс энэхүү өөрчлөлтийг авч ирсэн "Атомын цахилгаан станцыг нэгээр багасгая” хөтөлбөрөөс суралцахыг хүсч буй орон нутаг болоод олон улсын байгууллагууд, хотуудад туршлагаасаа харамгүй  хуваалцаж байгаа билээ.
 Сөүл хот ийнхүү өөрчлөгдөж байна.

Сөүл хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч, хүрээлэн буй орчныхоо сайн сайхны төлөөх, өсөх ирээдүйтэй, ирээдүйн хот болохоор өөрчлөлтийн замаар алхаж байна. Мэдээж энэ бүхэн Сөүл хотын арван сая иргэнтэй хамтарч хийсэн ажлын үр дүн юм. Бид иргэдийнхээ хүчээр хэрэгжүүлж, иргэдийнхээ хяналтан дор энэ үр дүнд хүрсэн.

Сөүл хотод айлчсан өөр олон орон, хотын холбогдох албаны хүмүүс "Сөүл хотыг өөрчилсөн нууц нь чухам юу вэ?” хэмээн асуух болгонд би "иргэд”, "иргэд бол эрчим хүч шүү дээ” гэж хариулдаг. Нуурлуу шидсэн жижигхэн чулуу усны мандлыг долгилуулдагтай адил иргэдтэйгээ хамтарч хийсэн өчүүхэн жаахан үйл Сөүл хотод маш том давалгааг авч ирсэн юм.

Би зүүн хойт азийн хотууд бол "агаар нэгэн хамт олон” гэдэг үгийг их хэрэглэдэг. Яагаад гэвэл "хамт олон” гэдэг үгэнд ордог ханз үсэгнүүд хамтдаа хүчээ нэгтгэн оролцож, хамтдаа мэдэрч, улмаар төсөөлж байснаасаа илүү үнэ цэнэтэй үр дүнд хүрч, тэрхүү өөрчлөлтөө түгээн дэлгэрүүлэх хүчтэй гэдэг утгыг агуулдаг юм.

"Хэрэм босгосон нь мөхөж, зам гаргасан нь мандана” гэдэг мэргэн үгийн адил хүрээлэн буй орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийтээрээ тэмцэх эхлэл болж, түүгээр зогсохгүй зүүн хойт азийн эв найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааны замаар хамт алхахын тулд Сөүл хот өөрсдийн арга туршлагаасаа харамгүй хуваалцах болно.

Улаанбаатар хот, Сөүл хотын ард иргэд бүгд аз жаргалаар бялхаж, нэгэн дэлхий дор ирээдүй хойч үеэ санаа зовох зүйлгүй амьдруулахын тулд бүгд сэтгэл зүрхнийхээ үүдийг, хэрэмнийхээ үүдийг нээн гадагш гарцгаая гэж уриалмаар байна. Хамтдаа замаа тавьж, хамтдаа урагшилцгаая.
 
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн
Сөүл хотын дарга Пак Вонсүн
скачать dle 12.0

Санал болгох