Макс Ферстаппений ивээн тэтгэгч монголчуудаас уучлал гуйжээ
Формула-1 уралдааны Австрийн Ред Булл багийн голланд нисгэгч Макс Ферстаппен Португалын Гран При тэмцээний өмнөх бэлтгэл дээр мөргөлдсөн Канадын тамирчин Лэнс Строллыг “Тэнэг монгол” гэж доромжилсноос хойш нэг сар өнгөрлөө.
Түүнийг монголчуудаас албан ёсоор уучлал гуйхыг шаардсан ч Макс Ферстаппен The Race порталд ярилцлага өгөхдөө “Юуны өмнө би хэн нэгнийг доромжлохыг хүсээгүй гэдгээ хэлье. Маш хурдтай явагддаг уралдааны үеэр тун өрсөлдөөнтэй байхад ийм зүйл тохиолддог. Би тохиромжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би хэнийг ч доромжлохыг хүсээгүй. Дараа нь би Лэнстэй уулзсан. Нисгэгч нар уурлан, маргалддаг ч таван минутын дараа л хэрүүлээ мартдаг. Буруу үг хэлснээ ойлгож байгаа ч одоо юу ч хийсэн, нэгэнт оройтсон. Юуг ч өөрчилж чадахгүй” гэж хэлсэн юм.
Харин Ред Булл багийн гол ивээн тэтгэгч Siemens компани Монгол Улсаас уучлал гуйсан байна.
Formula1News-д бичсэнээр Монголын Засгийн газарт илгээсэн тус компанийн албан захидалд “Бид ямар нэг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, хэн нэг хувь хүн, бүлгийг даран доромжлохын эсрэг байдаг. Ред Булл баг дахин ийм явдал гаргахгүй гэдгээ манай компанид мэдэгдсэн. Ноён Ферстаппен ч олон нийтийн өмнө албан ёсоор уучлал гуйсан” гэж бичжээ.
Харин Макс Ферстаппен хэзээ, хаана, хэний өмнө уучлал гуйсныг тодорхой дурдаагүй байна.