Пүрэв гарагт цэрэг татлага эхэлнэ

🕔 2020/10/20 16:04

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан,  дүүргүүдийн ЗДТГ-ын  газрын болон, Эрүүл мэндийн нэгдлийн ерөнхий эмч, Цэргийн штабын дарга нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд цэрэг татлагын товчооны даргын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар  сарын 16, 17-ны өдрүүдэд дүүргүүдийн цэрэг татлагын товчооны халагдсан дайчдыг хүлээн авах, хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулах бэлтгэл ажилтай танилцсан талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай мэдээллээ.

Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг хүлээн аван хүндэтгэл үзүүлэх, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах арга хэмжээг энэ сарын 16-18-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэгт  хүлээн авч, биеийн халууныг үзэж ариутгал халдваргүйжүүлэлтийг хангаж, 800 иргэнийг ажлын байранд зуучилсан талаар мөн танилцуулсан юм.
Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1115 тоот захирамжийн хүрээнд цэрэг татлагын зохион байгуулах ажлыг нийт 2148 албан  тушаалтан томилогдон ажиллаж байгаа аж. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.  Одоогийн байдлаар цэрэг татлагын байр орчим болон дулаацуулах байрыг гаргах, иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай танилцууллаа. Өргөтгөсөн хуралдаанаар эрүүл мэндийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд санал солилцлоо.

скачать dle 12.0

Санал болгох