Хотын даргад иргэдийн эрх ашиг биш эргэж сонгогдох нь чухал байна

🕔 2020/10/07 10:51
Нийслэлчүүд уг нь дээрээ удирдлагатай санаатай. Гэтэл сүүлийн үед нийслэлчүүдийн эрх ашиг хотын дарга нарт хамаагүй болоод удлаа. Өөрөөр хэлбэл, гурван сая монголчуудын тал нь ажиллаж, амьдарч байгаа нийслэл хотод иргэд нь эрүүл, аюулгүй амьдарч байна уу. Эрх ашиг нь зөрчигдөж амь нас нь дээсэн дөрөөн дээр очино уу гэдэг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва нарт ер хамаа алга. Тэд зөвхөн өөрсдийнхөө нүүрийг хамгаалж, эргэж зөөлөн суудалдаа тухлахын тулд улайрч байна. Хотын дарга нар нэг “эзэн”-ий төлөө нийтийн эрх ашгийг золиосолсоор байгаагийн ганцхан жишээ нь Удирдлагын академийн хойд талын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг мөнгөтэй компанид хувьчилсан явдал. Ингэж л хүүхэд хөгшид, залуусын амарч зугаалах, агаарлах эрхийг булааж авч байна. Хаалганы цаана хүүхдийн эрхийг зөрчиж ханцуйн дотроо наймаалцчихаад нүүрэн дээрээ хүүхэд, хөгшдөө хамгаална, өмгөөлнө гэж ярьж байгаа нь инээдэмтэй.
Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын түүхэн дурсгалт хөшөө бүхий газартай ногоон байгууламжийг олон нийт андахгүй. Тэгвэл энэ алга дарам газрыг МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид “Хурд”, “Билиг” компанид “зарж”, барилгын ажил нүр ирмэхийн зуур босч эхэллээ. Гэтэл барилга суурийн цутгалтаа эхлэв үү үгүй юу алхам тутамдаа норм дүрэм зөрчиж оршин суугчдын эрүүл, аюулгүй байдалд ноцтой халдаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл хоёр цагийн дараагаас дахиад ажиллуулж эхэлснийг оршин суугчид хэлж эсэргүүцсээр байгаа юм. Эндээс харвал иргэдийн амарч, зугаалдаг газрыг дээрэмдэж барилга барьж буй “Хурд”, “Билиг” компанийг дүрэм журмын хүрээнд ажиллаж байгааг хянадаг. Хууль бус үйлдлийг нь зогсоодог газар, эрх мэдэлтэн гэж Монголд алга бололтой.
Нийтийн эзэмшлийн талбайгаа булаалгасан “Академи” хотхоны 3000 гаруй оршин суугчид хандаагүй газар үлдсэнгүй. Тэд хороо, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт хөгжлийн газар, НМХГ, Хотын дарга, АТГ, Нийслэлийн захиргааны шүүхэд өргөдөл гомдол өгөөд байгаа юм. С.Амарсайхан хотын дарга байхдаа өнгөрсөн гуравдугаар сард “Академи” хотхоны оршин суугчидтай уулзаж газрын эрхийг цуцалж өгөхөө амласан. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Алдаржавхлан газрын эрхийг цуцлах хүсэлтийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өнгөрсөн наймдугаар сард хүргүүлжээ. Мөн НМХГ үйл ажиллагааг зогсоож, Нийслэлийн   Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай хууль зөрчиж барилга барьж байгаа учраас Хотын даргад санал оруулна гэдгээ хэлсэн. Гэвч энэ бүх бичиг, хүсэлт ганцхан Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн албаны ширээн дээр “түгжрээд” байна.  Эсвэл шкабандаа хийгээд түгжсэнийг мэдэхгүй. Нийслэлийн 3000-4000 иргэний эрх ашгийг юман чинээ бодохгүй байгаа Ж.Батбаясгалан, Р.Дагва нар дахиад сонгогдвол яаж хаанчлахыг таашгүй.
Эрх баригчдад иргэдийн эрх ашиг биш эргэж сонгогдох нь л чухал байгааг олон жишээнээс харж болно. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Ж.Батбаясгалан хоосон танхимд баахан хашгичихдаа хуралдаа ирэхгүй сонгуулийн ажлаа хийж яваа дарга нараа илчиллээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчдад хуралдаа ирээд хотын асуудалд санаа зовох, утаа, түгжрэл арилгах гарц ярихын оронд төрийн ажил цалгардуулж сонгуульдаж яваагаас нь иргэдийн эрх ашиг тэдэнд ямар ч хамаагүйг харж болно. Ж.Батбаясгалан сонгуульд оноо авахын тулд ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг булааж авч зураг даруулахын оронд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа газар очоод зогссон нь хамаагүй амьдралтай харагдах байлаа.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Санал болгох