Өвөлжөө, хаваржаагаа эзэмш гэснээс бус, арилжих эрх өгөөгүй байлтай

🕔 2020/09/29 10:08
Малчид бэлчээрээ булаацалдаж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн сарын 9-нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумд гарсан. 23 настай залуу саахалт айлынхаа гэр бүлийн хоёр хүнийг цээжинд нь буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийгөө егүүтгэсэн юм. Бэлчээрээс болж, нэгэн рүүгээ хүйтэн зэвсэг шагайсан нь ганц энэ биш. Өнгөрсөн жилүүдэд ч ийм хэрэг нэг бус удаа гарч байв. Бэлчээр, уснаас үүдсэн маргаан жилийн дөрвөн улиралд үргэлжилж, нэгнээ гэмтээх, цаашлаад аминд нь хүрэх нь байсаар буй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, гарц нь юу бол.
Малчдад бэлчээрийг нь эзэмшүүлэх хэрэгтэй юү. Мал идэх өвсний төлөө хүний амь хөнөөсөн эмгэнэлт явдал нь малчдад бэлчээрийг хэзээ ч өмчлүүлж болохгүйг хатуу сануулж байна бус уу. Үүнтэй олон хүн санал нийлж буйгаа цахим орчинд илэрхийлж амжсан. Өмчлөөгүй байж, нийтийн эзэмшлийн газар нутгийг булаацалдаж байгаа юм чинь өөрийнх болгочихвол ядарсан нэг нь гишгэх газаргүй, задарсан зарим нь аль шимтэй, өнгөтэй өөдтэйг нь “хамчихна” гэж болгоомжилсон хүн цөөнгүй байна.
Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” хэмээн заасан. Тиймээс малчид газраа өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн өвөлжөө, хаваржаагаа тодорхой хугацаанд эзэмших боломжтой юм. Манай улсын хэмжээнд өвөлжөө, хаваржааны газрын эзэмших гэрчилгээтэй 104 мянга гаруй малчин өрх бий аж. Энэ Дондогийнх, цаадах нь Дашийнх гэх зэргээр малчид нэгнийхээ өвөлжөө, хаваржааг андахгүй. Тиймдээ ч дур мэдэн нэгнийхээ өвөлжөө, хаваржаанд буйраа засахгүй. Өвөлжөө, хаваржааны газрыг иргэдэд хуулийн дагуу эзэмшүүлэхийг Газрын тухай хуулиар зөвшөөрсөн. Ингэхдээ нэг өрхөд өвөлжөө, хаваржаа тус бүр нэгийг эзэмшүүлж, сумын Засаг даргын шийдвэрээр эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах юм. Гэтэл малчид өөрөө эзэмших ёстой газраа өрөөлд арилжих болжээ. Нутаг сэлгэн нүүхдээ эзэмшсэн газраа хэдэн арван саяар зардаг гэнэ. Бүр нэг өрөө байрны урьдчилгаа төлбөр болохуйц үнээр борлуулах нь хэвийн үзэгдэл болсныг зарим малчин ярьсан. Уг нь бол эзэмшсэн газартаа эзэн суугаасай гэсэндээ хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн байлтай. Гэтэл өвөлжөө, хаваржаагаа зоосны нүхээр харж, үнэ хаялцуулах болжээ. Тэр тусмаа мянгат малчид өвөлжөө, хаваржааг “бөөндөх” болсон аж. Үүнээс болж цөөн малтай малчид бэлчээрээ алдахад хүрчээ. Хэдийгээр бэлчээрийг эзэмшүүлэх, өмчлүүлэх хууль цаасан дээр үгүй ч амьдралд бодит зүйл болсон гэхэд хилсдэхгүй.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин Т “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн том оврын ачааны машин, бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөлд манай сумын газар нутаг талхлагдаж дууслаа. Тэр дундаа малын бэлчээрийн 50-60 хувь нь машины дугуйгаар эвдэгдэж, зам болж хувирлаа. Улаан шороо, цагаан тоосон дунд амьдарч байна. Энэ хавиар отор нүүдэл ихтэй. Малчид болон уул уурхай эрхлэгчдийн дунд бэлчээр, усны “дажин” тасардаггүй. “Дайн” болж ч мэдэхээр байна. Миний хувьд малчдад бэлчээрийг нь эзэмшүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл газар нутаг эзэнтэй болно. Өөрийн бэлчээр нутгийг тордож хамгаалах боломж бүрдэнэ шүү дээ. Бид өвөлжөө, хаваржааны газраа эзэмшдэг. Сүүлийн үед олон малтай, мянгат малчид өвөлжөө, хаваржааны газрыг олноор нь худалдан авах болсон. Ойролцоо 2-3 өвөлжөөний газрыг авч байна. Хот, суурин бараадсан малчид өвөлжөө, хаваржаагаа 3-6 сая төгрөгөөр зардаг. Хашаа, хороотой бол илүү үнэтэй. Олон малтай айл тухайн өвөлжөөнд нутаглахаар цөөхөн малтай нь бэлчээрээ ашиглуулах зэргээр хэлмэгдэж байна” хэмээсэн. Харин Сүхбаатар аймгийн малчин О “Өвсний гарцыг дагаж малчид цагаан зээр шиг нүүдэллэдэг. Хаана өвс, ногооны гарц сайн, зуншлага аятай байна, тийшээ нүүдэг. Ингэж нүүдэллэж амьдардаг хүмүүс нэг газраа олон жил тогтвортой амьдрах боломжгүй. Ган, зуд гээд байгалийн гамшиг нүүрэлбэл яах вэ. Өөр айлын газар гуйж, толгой хоргодох уу. Өмчилсөн газраа өрөөл бусдад зүгээр ашиглуулахгүй шүү дээ. Наанадаж түрээслэх биз. Манай Түвшинширээ сумд өвөлжөө, хаваржааны газрынхаа эзэмших гэрчилгээг авсан малчин тун цөөн. Гэхдээ өвөлжөө, хаваржааныхаа ойр айл буулгах дүргүй. Худаг, бэлчээрээс үүдсэн маргаан цөөнгүй гардаг” гэж ярив.
Монгол Улс 70 гаруй сая мал, 171 мянга орчим малчин өрхтэй гэсэн статистик бий. Хүн амынхаа тооноос 24 дахин олон малтай гэсэн үг. Жилээс жилд малын тоо өсөн нэмэгдэх хэрээр бэлчээр, ус хомсдож буй нь малчид төдийгүй монголчуудын тулгамдсан асуудлын нэг болсон. Сүргийн бүтцийн хувьд хамгийн олон буюу 32 саяд хүрснээр хонь тэргүүлж, 29 сая ямаатай. Адуу, үхрийн тооны харьцаа ойролцоо байхад тэмээн сүрэг хамгийн цөөн буюу 472 379 тоологджээ. Монголчууд эртнээс мал сүргээ адгуулж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн. Гэвч малын тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэйг “ашиггүй” олон сүрэг, талхлагдсан газар, улам залхуу болсон малчдын өнөөгийн амьдралын хэвшил, дүр төрхөөс ч тод харж болохоор. Нэг үнээнээс хэдэн литр сүү авч, хэр хэмжээний цагаан идээ боловсруулж буйд бус, малын тоогоор уралдуулсаар байвал бэлчээр, усны маргаан тасрахгүйг хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд хэлнэ лээ. Харамсалтай нь, олон сая малын ашиг шимийг хотын иргэд төдийлөн хүртэж чаддаггүй. Үхрийн нэг кг махыг 10 гаруй мянган төгрөгөөр худалдаж авдаг хотын иргэд малын тоо өссөний ашиг шимийг амсдаггүй. Малчид ч өөрсдөө малаа ченжүүдэд зах зээлийн үнээс хэд дахин хямдаар борлуулдгаа учирладаг. Үүнийг бодлогын хүрээнд зохицуулж чадахгүй өдий хүрсэн. Цаг цагаар цадаж, Цагаан сараар нэг цаддаг гэдэг шиг малчид ноос, ноолуураа бэлтгэж, борлуулах үеэр л ганц удаа “бурзайдаг”. 
Эх сурвалж: unuudur.mn
скачать dle 12.0

Санал болгох